Японд болж буй Айчи-Нагоягийн Азийн пара наадмын үеэр хэд хэдэн улсын төрийн дууллыг андуурч эгшиглүүлсэн тохиолдол гарсан тухай наадмыг зохион байгуулах хорооны дэд ерөнхийлөгч, Нагоя хотын дарга Ичиро Хирошава энэ талаар лхагва гарагт болсон хэвлэлийн бага хурлын үеэр мэдээлсэн байна.
Тодруулбал, даваа гарагт болсон эрэгтэйчүүдийн пара таеквондогийн 58 кг-ын жинд алтан медаль хүртсэн Тайванийн тамирчинд шагнал гардуулах ёслолын үеэр Ираны төрийн дууллыг андуурч эгшиглүүлжээ. Мөн эмэгтэйчүүдийн пара таеквондогийн 52 кг-ын жингийн шагнал гардуулах ёслолын үеэр Монгол Улсын төрийн дууллын оронд Ираны төрийн дууллыг эгшиглүүлсэн байна. Түүнчлэн эмэгтэйчүүдийн суугаа волейболын Хятад, Ираны багуудын тоглолтын өмнө Хятадын төрийн дууллын оронд БНСУ-ын төрийн дууллыг таван секунд орчим эгшиглүүлжээ. Зохион байгуулах хорооны ажилтнууд төрийн дууллыг эгшиглүүлэхийн өмнө давхар нягтлах зэрэг арга хэмжээ авсан эсэх, эсвэл ийм арга хэмжээ авсан ч алдаа гарсан эсэхийг шалгах шаардлагатай гэдгийг И.Хирошава хэлээд, уучлал хүссэн байна. Наадмын зохион байгуулах хороо мөн даваа гарагт алдаа гарсанд баг тамирчдаас уучлал хүсжээ. Тус хороо албан ёсоор гомдол гаргасан Тайванийн багаас бичгээр уучлал хүссэн байна. Мөн эрэгтэйчүүдийн пара таеквондогийн 58 кг-ын жингийн ангиллын шагнал гардуулах ёслолыг лхагва гарагт дахин зохион байгуулжээ. Цаашид ийм алдаа давтагдахаас сэргийлэхийн тулд төрийн дуулал болон бусад дуу бичлэгийг удирддаг программ хангамжийн тохиргоог дахин шалгах зэрэг цогц арга хэмжээ авна гэж зохион байгуулах хороо мэдэгдсэн байна.
Энэ сарын 4-нд өндөрлөсөн Азийн наадмын үеэр мөн ийм алдаа гарч байжээ. Тухайлбал, эрэгтэйчүүдийн хоккейн тэмцээний өмнө БНСУ-ын төрийн дууллын оронд БНАСАУ-ын төрийн дууллыг андуурч эгшиглүүлсэн байна. Наадмыг зохион байгуулах хороо уг алдааг “хүний буруутай үйл ажиллагаанаас үүдсэн” гэж тайлбарлан уучлал хүсжээ. Эдгээр алдаатай холбогдуулан зохион байгуулагчид шалтгааныг нь тогтоож, үйл ажиллагааны явцаа сайжруулах арга хэмжээ авна гэдгээ мэдэгдсэн байна. Үүний хүрээнд тэмцээн эхлэхийн өмнө болон шагнал гардуулах ёслолын үеэр төрийн дууллыг эгшлүүлэх аргаа өөрчилж, хэд хэдэн ажилтан давхар хянаж байгааг онцолжээ.