АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням, “Шатахуун импортлогч аж ахуйн нэгжүүдийг төрөөс бүх талаар дэмжиж байгаа ч шатахуунтай хэрнээ борлуулахгүй, 24 цагаар ажиллахгүй байгаа зарим ШТС-уудыг торгож, тусгай зөвшөөрлийг цуцална” хэмээсэн байдаг.
ВИДЕО:
Тэгвэл Isee.mn сурвалжлах баг наймдугаар сарын 17-18 шилжих шөнийн 01.00 цаг орчимд Тасганы овоо орчмын шатахуун түгээх станцуудаас сурвалжлага бэлтгэлээ. Тасганы овооны хамгийн баруун талд байрлах “Петровис” ШТС өгч болох бүх хоолойгоороо шатахуун олгож байсан бөгөөд гурван түгээгч ажиллаж, нэлээдгүй урт дараалал үүссэн байлаа. Тус ШТС-аас шатахуун авч байсан жолоочоос хэр хугацаанд дараалалд зогсож байгаа талаар тодруулахад, “1 цаг 30 минут орчим дараалалд зогсоод шатахуун авлаа. “Гэсэр сүм”-ийн уулзвараас дараалал эхэлсэн байсан учраас удаан зогсох байх гэж бодож байсан ч бүх хоолойгоор өгч байгаа болохоор хурдан явж байна. Тасганы овооны бусад ШТС-ууд бүгд өгөхгүй байна” гэсэн юм.

Бид цааш явж “Шунхлай” ШТС дээр очих үед дизель түлш зөвхөн олгож байсан бөгөөд АИ92 шатахууны нөөц дууссан. Маргааш өдөр шатахуун ирнэ хэмээсэн байдаг. Мөн тус ШТС-ын зүүн талд байрлах “Сод Монгол” ШТС орох хэсэгтээ төмөр хаалт тавьж, гадаах гэрлээ унтраасан байсан ч жолоочид дугаарлан хонож байлаа. “Сод Монгол” ШТС-ын ажилтнаас хэзээнээс шатахуунаа борлуулж эхлэх талаар тодруулахад, “Нөөц дууссан учраас яриа өгмөөргүй байна. Маргааш хэзээ шатахуун ирэхийг мэдэхгүй байна. Энэ хавиар их багтаамжтай, түгээх машин явж болдоггүй учраас бага багаар шатахуун ирдэг” гэлээ.

Харин “Super 92” ШТС мөн адил шатахууны түгээлт зогссон байсан бөгөөд 30 орчим машин дугаарлан өглөөг хүлээн зогсож байлаа. Тус дарааллын хамгийн эхэнд зогсож байсан жолоочоос шатахуун хэзээ өгөх талаар тодруулахад, “Өнөөдөр ирсэн шатахуун нь өдөр дууссан гэсэн. Маргааш өглөө 9-10 цагийн хооронд өгнө гэхээр хонох гээд зогсож байна. Миний машины шар нь асаад удаан явсан учраас өөр газар руу явах боломжгүй болсон” гэсэн юм. Харин тус ШТС-ын ажилтнуудаас мэдээлэл авах гэсэн боловч цонхоо онгойлгосонгүй.
ISee.mn сурвалжлах баг шатахуун олгохгүй байсан ШТС-ыг үнэхээр нөөцгүй болсон байна уу эсвэл нөөцтэй ч шөнийн цагаар шатахуун олгохгүй байгаа эсэхийг мэдэхээр наймдугаар сарын 18-ны 09.10 цаг орчимд дахин ирсэн байдаг. Хэлсэн ёсоор “Super 92” ШТС шатахуунаа олгож байсан бөгөөд дараалалд 06.00 цагаас хойш зогсож байгаа нэгээн жолооч, “Өглөө ямар нэгэн шатахуун энэ түгээх станц дээр буугаагүй. Өчигдөр үлдсэн шатахуунаа олгож байх шиг байна. Эрхлэгч ирэхээр олгоно гэж байгаад саяхнаас өгч эхэлсэн” гэв. Харин өнгөрсөн шөнө ямар ч нөөцгүй гэсэн “Сод Монгол” ШТС-аас өчигдөр салбарын сайд ирэх үеэр шатахуун түгээсэн гэх мэдээллийг тодруулахад, “Бидэнд цагдаа, эмнэлгийн машинд өгөхөөр үлдээсэн 200 литр шатахуун байсан. Үүнийг харчхаад тус шатахуунаа олго хэмээсэн учир 200 литр шатахуун борлуулсан” гэлээ.

