АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп Ирантай холбоотой хэлэлцээний үеэр Вашингтоны холбоотон Оман улсыг сүрдүүлсэн талаар Fox News мэдээлжээ.
Fox News-ийн сурвалжлагчийн мэдээлснээр Д.Трамп утсаар ярилцлага өгөх үеэрээ, хэрэв Оман Ормузын хоолойг дахин нээх хэлэлцээнд саад учруулбал цэргийн арга хэмжээ авч болзошгүй гэсэн байр суурь илэрхийлсэн байна.
Иран болон Оман улс дэлхийн газрын тос, шингэрүүлсэн байгалийн хийн тээвэрлэлтийн гол зангилаа болох Ормузын хоолойг дахин нээх асуудлаар хэлэлцээ хийж байгаа юм. АНУ, Ираны мөргөлдөөний үеэр тус хоолой бараг зургаан сарын турш хаалттай байжээ.
Оман улс Ирантай хийх хэлэлцээнд зуучлагчийн үүрэг гүйцэтгэж байгаа бөгөөд өөрийгөө мөргөлдөөнд төвийг сахисан улс гэж мэдэгдсээр ирсэн байна. Гэсэн хэдий ч тус улс Ираны хэд хэдэн цохилтод өртөөд байгаа юм. Үүний зэрэгцээ Ираны албаныхан Омантай хийх хэлэлцээ эцсийн шатандаа орсон гэж мэдэгдсэн бол АНУ, Ираны хооронд байгуулсан 60 хоногийн харилцан ойлголцлын санамж бичгийн хугацаа дуусах дөхсөн нь хэлэлцээний ирээдүйг тодорхойгүй болгожээ.
Мөн Д.Трамп Ираны Исламын хувьсгалт харуулын корпустай АНУ шууд холбоотой гэж мэдэгдсэн байна. Харин Ираны Исламын хувьсгалт харуулын корпусын төлөөлөгч энэ мэдэгдлийг эрс няцааж, хоёр талын хооронд ямар нэгэн шууд хэлэлцээ болоогүй гэж мэдэгджээ. Ормузын хоолой нь дэлхийн газрын тосны нийлүүлэлтийн хамгийн чухал гарцуудын нэг бөгөөд дэлхийн газрын тос, шингэрүүлсэн байгалийн хийн томоохон хэсэг энэ хоолойгоор дамжин тээвэрлэгддэг юм.
Эх сурвалж: BBC