Улсын аварга шалгаруулах адуучдын тэмцээн нь өв соёлоо өвлүүлэх, үндэсний дархлаагаа хамгаалахад чухал хувь нэмрээ оруулж байна

Улсын аварга шалгаруулах адуучдын тэмцээн нь өв соёлоо өвлүүлэх, үндэсний дархлаагаа хамгаалахад чухал хувь нэмрээ оруулж байна

Адуу бол монголчуудын нүүдэлчин ахуй, түүх, соёл, тусгаар тогтнолын салшгүй хэсэг. Монгол адуу нь алс холыг туулж, нутаг орноо хамгаалж, мэдээ мэдээлэл хүргэж, нүүдэлчин ахуйг тэтгэж ирсэн монголчуудын амьдралын нэгэн чухал тулгуур байсаар ирсэн юм. Тиймээс адууны соёлыг хадгалан хамгаалах нь зөвхөн уламжлалт зан заншлаа хадгалахаас гадна үндэсний дархлаа, тусгаар тогтнолын үнэт зүйлээ хамгаалах өргөн агуулгатай.



Монгол Улс төрийн сүлдэндээ адууг бэлгэдсэн дэлхийн цөөхөн улс орны нэг. Монгол Улсын санаачилгаар НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас долдугаар сарын 11-ний өдрийг “Дэлхийн адууны өдөр” болгон тэмдэглэх болсон нь монгол адууны соёл, нүүдэлчин иргэншлийн өвийг дэлхий нийтэд таниулах чухал алхам болсон юм.
Энэ хүрээнд өнгөрсөн амралтын өдрүүдэд Хүй долоон худагт Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Д.Гомбожавын нэрэмжит Улсын аварга адуучин шалгаруулах тэмцээн зохион байгуулагдлаа.

 Тус тэмцээн нь адуучдын ур чадварыг сорих уралдаан төдийгүй монгол адууны уламжлалт маллагаа, уналга эдэлгээ, адуучны эрдэм ухаан, нүүдэлчин ахуйн соёлыг хойч үед өвлүүлэн үлдээх зорилготой.
Адуучин залуус уурга ташуур шүүрэх, эмнэг хангал сургах, морь буйлж сургах зэрэг монгол адуучны уламжлалт ур чадвараараа өрсөлдөж, өвөг дээдсээс уламжилж ирсэн эрдэм ухаанаа харууллаа.


Open photo

Open photo

“Аюулгүй байдал  Иргэдийн оролцоо” хөтөлбөрийн хүрээнд авч үзвэл үндэсний аюулгүй байдал гэдэг зөвхөн хил хязгаар, батлан хамгаалах асуудлаар хязгаарлагдахгүй. Улс орны тусгаар тогтнолын баталгаа нь газар нутагтайгаа адилхан хэл, түүх, соёл, уламжлал, үндэсний ой санамж юм.
Өвөг дээдсээс уламжилсан соёл тасрахад үндэстний дархлаа суларна. Харин хүүхэд, залуус уламжлалт ахуй, зан заншил, мал маллах арга ухаан, морин соёл, үндэсний спорттойгоо танилцаж, түүнийгээ амьдралдаа өвлөн авч явах нь үндэсний дархлааг бэхжүүлж буй иргэний оролцооны нэг хэлбэр юм.
Энэ утгаараа адуучдын тэмцээн нь адууны соёлыг дараагийн үед дамжуулах “амьд сургалт” болж байна.

Open photo

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Д.Гомбожав нь Баянхонгор аймгийн Баацагаан, Өлзийт сумдад сум, нэгдлийн даргаар олон жил үр бүтээлтэй ажиллаж, орон нутгийн хөгжил, хөдөө аж ахуй, мал аж ахуйн салбарт үнэтэй хувь нэмэр оруулсан төр, нийгмийн зүтгэлтэн байв.

Түүний нэрэмжит адууны өдөр, адуучдын тэмцээн, уралдааныг уламжлал болгон зохион байгуулж байгаа нь нэг хүний дурсгалыг хүндэтгэхээс гадна хөдөлмөрийг алдаршуулах, малчин, адуучин иргэдийн мэдлэг, ур чадварыг үнэлэх, залуу үед өвлүүлэх чухал ач холбогдолтой.

Өв уламжлалыг дараагийн үедээ дамжуулж сургаж гэмээнэ үндэсний дархлаа оршин тогтнох үндэс болох учиртай.  Иймээс өнөөдөр уурга шүүрч байгаа залуу адуучин бол зөвхөн тэмцээнд оролцож буй тамирчин төдийгүй монголын нүүдэлчин соёлын нэгэн хэсгийг цааш авч явах өв тээгч, үндэсний соёлын дархлааны нэгэн хамгаалагч юм.
Монгол адууны туурайн төвөргөөн бол олон зуун жилийн турш үргэлжилсэн монголчуудын түүх, эрх чөлөө, нүүдэлчин ахуй, тусгаар тогтнолын тухай өгүүлдэг амьд өв билээ.

No description available.

Open photo

Open photo

Open photo

Open photoOpen photo