С.Мөнхтулга: Хүүхдүүдээ архидалтгүй, эрүүл, аюулгүй орчинд амьдруулмаар байгаа тул “Чанга дурагъя” тэмцлийг эхлүүлсэн

С.Мөнхтулга: Хүүхдүүдээ архидалтгүй, эрүүл, аюулгүй орчинд амьдруулмаар байгаа тул “Чанга дурагъя” тэмцлийг эхлүүлсэн

Архидалт гэхээр бидний олонх нь гудамж талбайд хоног төөрүүлсэн, гэр оронгүй хүмүүсийг төсөөлдөг. Гэвч архины хэрэглээ нийгэмд үүнээс хавьгүй өргөн хүрээнд, бидний өдөр тутмын амьдралын дунд нуугдмал хэлбэрээр оршиж байна.  Тэгвэл иргэн С.Мөнхтулга сүүлийн үед хүүхдийн тоглоомын талбай, орон сууцны саравч зэрэг нийтийн эзэмшлийн талбайд архи согтууруулах ундаа хэрэглэж буй хүмүүст шаардлага тавьж, энэ асуудалд иргэдийн анхаарлыг хандуулахыг зорьж байгаа аж. Тэрбээр “Үр хүүхдээ архидалтгүй, эрүүл, аюулгүй, тайван орчинд амьдруулмаар байна” уриатайгаар “Чанга дуугаръя” хэмээн иргэдийг нэгдэхийг уриалж байна.

ВИДЕО:

-ХҮҮХЭД ТОГЛООМЫН ТАЛБАЙДАА ЧӨЛӨӨТЭЙ ТОГЛОХ, АЮУЛГҮЙ ОРЧИНД АМЬДРАХ ЭРХТЭЙ-

-Таныг сүүлийн үед хүүхдийн тоглоомын талбай, саравч зэрэг газарт архи ууж байгаа хүмүүст шаардлага тавьж, тэмцэж байгааг олон хүмүүс дэмжиж байна. Яагаад энэ асуудалд ингэж анхаарах болсон юм бэ?

-Би Нэгдүгээр хороололд амьдардаг. Өдөр тутамдаа хүүхдийн тоглоомын талбай, орон сууцны саравч, нийтийн эзэмшлийн талбайд хүмүүс архи ууж байгааг байнга хардаг. Хамгийн харамсалтай нь тэнд хүүхдүүд тоглож, эцэг эхчүүд хүүхдээ салхилуулж байдаг. Тиймээс би очоод “Энд битгий архи уугаач, хүүхдүүдийн тоглоомын талбай шүү дээ” гэж шаардлага тавьдаг болсон. Гэтэл зарим хүн өөрсдийнх нь эрхэнд халдаж байгаа мэт хүлээж авч, уурлаж бухимддаг. Гэхдээ миний хэлэх гээд байгаа зүйл маш энгийн. Та энд архи уух эрхтэй гэж бодож байгаа бол таны энэ үйлдлээс болж хүүхдийн ямар эрх зөрчигдөж байгааг бас бодох хэрэгтэй. Хүүхэд тоглоомын талбайдаа чөлөөтэй тоглох, аюулгүй орчинд амьдрах эрхтэй. Харин бид тэр орчныг нь архины хэрэглээтэй хольж хутгаад, хүүхдүүдийн нүдэн дээр буруу үлгэр дуурайлал үзүүлж байна.

-Хүмүүс “архидалттай тэмцэнэ” гэхээр ихэвчлэн хэн нэгэн гудамжинд хоног төөрүүлсэн, архинд донтсон хүмүүсийг төсөөлдөг. Таны ярьж байгаа асуудал үүнээс өөр гэж ойлгож болох уу?

-Бидний анзаараад байдаггүй, хажуугаар нь чимээгүй өнгөрдөг архидалт их бий. Хүүхдийн тоглоомын талбай, саравчинд архи ууж байгаа хүмүүсийн ихэнх нь ажилтай, орлоготой, залуучууд байдаг. Өөрөөр хэлбэл бидний өдөр тутамд “энгийн л хүн” гэж хардаг хүмүүс. Би тэднийг “цэвэрхэн архичид” гэж нэрлэдэг юм. Учир нь гудамжинд хэвтэж байгаа хүн биш болохоор архидалттай хүн гэж бид төдийлөн хүлээж авдаггүй. Гэтэл үйлдэл нь ялгаагүй. Нийтийн эзэмшлийн талбайд архи ууж, хүүхдийн тоглоомын талбайг зориулалтын бусаар ашиглаж байна. Бидний нүдэнд харагддаг архидалт л архидалт биш. Хүүхдийн тоглоомын талбай дээр нэг лааз пиво уугаад сууж байгаа хүн ч хүүхдэд буруу үлгэр дуурайлал үзүүлж байгаа.

-Та шаардлага тавих үед хүмүүс хэр хүлээж авдаг вэ?

-Янз бүр. Зарим нь ойлгоод архиа хураагаад явдаг. Харин зарим нь маш их уурладаг. “Чи хэн юм?”, “Миний эрхэнд халдлаа” гэх мэтээр маргадаг. Гэхдээ би нэг зүйлийг ойлгуулахыг хүсдэг. Би таны хувийн амьдралд оролцоогүй. Та гэртээ юу хийх нь таны асуудал. Харин нийтийн эзэмшлийн талбай дээр, хүүхдийн тоглоомын талбай дээр архи ууж байгаа бол тэр нь зөвхөн таны асуудал биш. Тэнд таны хүүхэд биш ч өөр нэг айлын хүүхэд тоглож байгаа.

-НИЙТИЙН ЭЗЭМШЛИЙН ТАЛБАЙ, ХҮҮХДИЙН ТОГЛООМЫН ТАЛБАЙ ЗЭРЭГ ГАЗАРТ АРХИДАН СОГТУУРЧ БАЙГАА ХҮМҮҮСТ ХАРИУЦЛАГА ТООЦДОГ,ХЯНАЛТ ТАВЬДАГ ТОГТОЛЦОО ХЭРЭГТЭЙ-

-Тэгвэл энэ асуудлыг зөвхөн иргэд хоорондоо шаардлага тавиад шийдэх боломжтой гэж та бодож байна уу?

-Иргэн бүр өөрийнхөө хэмжээнд дуугарч болно. Гэхдээ энэ бол системийн асуудал. Нийтийн эзэмшлийн талбай, хүүхдийн тоглоомын талбай зэрэг газарт архидан согтуурч байгаа хүмүүст хариуцлага тооцдог, урьдчилан сэргийлдэг, хяналт тавьдаг тогтолцоо хэрэгтэй. Тиймээс би иргэдээс гарын үсэг цуглуулж байгаа. Доод тал нь 1000 гаруй хүний гарын үсэг цуглуулж, Ерөнхий сайд Н.Учралд хүсэлт хүргүүлэхээр зорьж байна. Энэ бол миний ганцаараа шийдэх асуудал биш. Хүүхэдтэй бүх айлын асуудал. Нийтийн эзэмшлийн талбай хүүхдийн тоглох, иргэдийн аюулгүй зорчих орчин байх ёстой болохоос архи уудаг газар байж болохгүй шүү дээ.

-Та Ерөнхий сайдад хүргүүлэх хүсэлтдээ яг ямар өөрчлөлт хийхийг шаардах вэ?

-Нийтийн эзэмшлийн талбай, хүүхдийн тоглоомын талбай, орон сууцны орчимд архидан согтуурч байгаа хүмүүст тавих хяналт, хариуцлагыг тодорхой болгох хэрэгтэй гэж үзэж байгаа. Зүгээр нэг “архидан согтуурахгүй байхыг анхааруулъя” гэдэг уриалга хангалтгүй. Дахин дахин зөрчиж байгаа хүмүүст хариуцлага тооцдог, хүүхдийн эрхийг хамгаалдаг бодит механизм хэрэгтэй.

-Чанга дугаръя тэмцлийн хамгийн гол зорилго юу юм бэ?

-Би архи уудаг бүх хүнийг үзэн ядах гээд байгаа юм биш. Хүний хувийн сонголт гэж зүйл бий. Гэхдээ тэр сонголт нь бусдын, тэр дундаа хүүхдийн эрхийг зөрчиж болохгүй. Би хүүхдүүдээ архидалттай орчинд өсөөсэй гэж хүсэхгүй байна. Хүүхэд тоглоомын талбай дээрээ тоглохдоо хажууд нь архи ууж байгаа хүмүүсийг харах ёсгүй. Тиймээс “Үр хүүхдээ архидалтгүй, эрүүл, аюулгүй, тайван орчинд амьдруулмаар байна” гэж хэлж байгаа юм. Энэ бол зөвхөн миний хүсэл биш. Эцэг эх бүрийн хүсэл байх ёстой.  

-Тэгвэл бусад эцэг эхчүүдэд хандаж юу хэлэх вэ?

-Хүүхдийнхээ эрхийг хамгаалах ажлыг зөвхөн төр, цагдаа эсвэл өөр хэн нэгэнд даатгаад сууж болохгүй. Бид өөрсдөө хүүхдийнхээ төлөө дуугардаг байх хэрэгтэй. Хаана хүүхдийн эрх зөрчигдөж байна, хаана нийтийн орчинд архидан согтуурч байна, тэнд шаардлага тавьдаг, тэмцдэг байх хэрэгтэй. Тиймээс би бүх аав, ээжүүд, залуучууддаа хаана ч явж байсан, хүүхдийн эрх зөрчигдөж байвал чанга дуугарч, тэмцэж байгаарай гэж уриалж байна. Өнөөдөр бид дуугүй өнгөрөөсөн зүйл маргааш бидний хүүхдийн хэвийн амьдрал болж магадгүй. Харин хүүхдүүдийнхээ төлөө одооноос ЧАНГА дуугарах хэрэгтэй.

Ярилцсанд баярлалаа.