Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх хяналтын сонсголд гэрчээр дуудагдаж байсан "Эрдэнэс Оюутолгой" ХХК-ийн гүйцэтгэх захирал Э.Ганхүүг сонсголын үеэр АТГ-аас түүнийг хойшлуулашгүй ажиллагаагаар 48 цагийн хугацаагаар баривчлан, шалгаж эхэлсэн байдаг.
Тэгвэл Э.Ганхүүд холбогдох хэргийг АТГ-аас шалгаж дуусаад, хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн байна.
"Эрдэнэс Оюутолгой" ХХК-ийн гүйцэтгэх захирал асан Э.Ганхүүг "Эрдэнэс-Оюутолгой" компанийн ажлын байрыг худалдан авах гэрээг байгуулж, их хэмжээний төлбөр төлөхдөө албан тушаалаа урвуулан ашигласан байж болзошгүй гэх үндэслэлээр мөрдөн шалгасан байдаг. Тодотговол, "Эрдэнэс-Оюутолгой" компани нь "Би Эм Си Эм" ХХК-тай 2024 оны наймдугаар сарын 15-ны өдөр 8 тэрбум 247 сая төгрөгөөр "Барилга байгууламж худалдаж авах тухай" гэрээ байгуулсан бөгөөд үүнээс нэг сарын дараа буюу 2024 оны есдүгээр сарын 25-ны өдөр дээрх гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж, үнийн дүнгийн 70 хувь болох 5 тэрбум 772 сая 9 мянган төгрөгийн урьдчилгааг гүйцэтгэгч компанийн дансанд шилжүүлсэн байна. Гэвч барилгыг хүлээн авч гэрээний үүргийг хангуулаагүй буюу төлбөрийнх нь дийлэнхийг төлсөн оффисоо худалдан аваагүй гэх хэргээр шалгасан гэх мэдээлэл байгаа юм.