Т.Даваадалайгийн дүү, “Улаанбаатар метро” төслийн захирал Т.Мөнхдалайгийн албан үүргээ гүйцэтгэх эрхийг шүүхээс 6 сараар түр түдгэлзүүлжээ

Т.Даваадалайгийн дүү, “Улаанбаатар метро” төслийн захирал Т.Мөнхдалайгийн албан үүргээ гүйцэтгэх эрхийг шүүхээс 6 сараар түр түдгэлзүүлжээ

Хахууль авч, мөнгө угаасан хэрэгт холбогдсон Нийслэлийн Засаг даргын орлогч асан Т.Даваадалай нарт холбогдох хэргийг АТГ-аас мөрдөн шалгаад, хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлээд байгаа билээ. 

Тэгвэл Нийслэлийн Засаг даргын орлогч асан Т.Даваадалайгийн дүү, дээрх хэрэгт хамжигчаар яллагдагчаар татагдсан “Улаанбаатар метро” төслийн захирал Т.Мөнхдалайгийн албан үүргээ гүйцэтгэх эрхийг шүүхээс зургаан сарын хугацаатайгаар түр түдгэлзүүлсэн байна.

Тодруулбал, Нийслэлийн Засаг даргын орлогч асан Т.Даваадалай, “Улаанбаатар метро” төслийн захирал Т.Мөнхдалай, “Нэгдсэн төслийн удирдлагын газар” ОНӨТҮГ-ын “Тойрог авто зам” төслийн захирал А.Ербол болон Т.Даваадалайгийн эхнэр Б.Анхтуяагийн үеэл, "Авангард уран дизайн энд инженеринг" ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Билгүүн нар нь бүлэглэн гадаад улсын хамтарсан түншлэлийн “Шинэ тойрог авто зам” төслийн урьдчилсан ТЭЗҮ, зураг төсөв нэртэй 16.9 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй тендерийн сонгон шалгаруулалт болон ажлыг гүйцэтгэх явцад цаашид ажил гүйцэтгэхэд хууль бусаар давуу байдал олгох ашиг сонирхлын үүднээс ажлын даалгаврыг өөрчилсөн.

Т.Даваадалай нь өөрийн хамаарал бүхий этгээд буюу эхнэр Б.Анхтуяагийн үүсгэн байгуулсан аж ахуйн нэгжээр дамжуулан хийх ёсгүй үйлдэл хийснийхээ хариуд 2025 оны дөрөвдүгээр сарын 9-ний өдрөөс мөн оны аравдугаар сарын 27-ны өдөр хүртэлх хугацаанд 5.2 тэрбум төгрөгийн хахууль авсан, гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авч ашиглан, мөнгө угаасан гэх хэрэгт холбогдсон байдаг. 

Улмаар Т.Даваадалай, Т.Мөнхдалай, Н.Билгүүн нарыг цагдан хорьж шалгаж байгаад Т.Мөнхдалай, Н.Билгүүн нарыг өнгөрсөн долдугаар сард суллаж, хилийн хориг тавьж, нэр бүхий хүмүүстэй уулзахыг нь хориглосон бол Т.Даваадалайг энэ сарын 08-ны өдөр суллаж, мөн хилийг хориг тавиад байсан юм. Тэгвэл дээрх хэрэгт холбоотойгоор Дүүргийн Эрүү, Иргэний хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхээс “Улаанбаатар метро” төслийн захирал Т.Мөнхдалайгийн албан үүргээ гүйцэтгэх эрхийг зургаан сарын хугацаатайгаар түр түдгэлзүүлэх шийдвэрийг гаргасан байна. 

Бид дээрх хэргийн шийдвэрлэлтийн талаар эргэн мэдээлэх болно.