ОХУ-ын Белгород мужид Украины пуужингийн цохилтын улмаас зургаан хүн амиа алдаж, дөрвөн хүн шархаджээ.
Тус мужийн үүрэг гүйцэтгэгч захирагч Александр Шуваевын мэдээлснээр шархадсан хүмүүсийн дунд 14 настай хүүхэд байгаа бөгөөд эмнэлэгт хүргэсэн байна. Мөн хоёр хүнд газар дээр нь эмнэлгийн тусламж үзүүлжээ. Харин Украинтай хил залгаа Валуйскийн дүүргийн Колосково тосгонд цохилтын улмаас нэгэн барилга шатаж, автомашин эвдэрсэн байна. Үүний зэрэгцээ ОХУ-ын өмнөд хэсгийн Астрахань мужид Украины дроны цохилтын улмаас нэг эмэгтэй амиа алджээ. Тус мужийн захирагч Игорь Бабушкин дрон аж үйлдвэрийн байгууламжийг онилсон боловч уг байгууламжид хохирол учраагүй гэж мэдээлсэн байна. Харин Украины талын мэдээлснээр Оросын дроны халдлагын улмаас Украинтай хил залгаа Сумы мужид хоёр хүн амиа алджээ.
Эдгээр халдлага нь Оросын албаныхны тодорхойлсноор Украин энэ онд хийсэн “хамгийн өргөн цар хүрээтэй” халдлагын дараах шөнө болсон байна. Тухайн халдлагын үеэр ОХУ-д дор хаяж долоон хүн амиа алдсан гэж мэдээлжээ. Мөн Оросын зүгээс Украинд хийсэн цохилтын улмаас долоон хүн амиа алдаж, 39 гаруй хүн шархадсан байна.
Эх сурвалж: BBC