Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлснээр төр өөртөө авах татвар, торгуулийн хэмжээгээ л өсгөж байна

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлснээр төр өөртөө авах татвар, торгуулийн хэмжээгээ л өсгөж байна

Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт Үндэсний хороо өнөөдөр /2026.08.17/ хуралдаж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 26.3 хувиар нэмэгдүүлэн нэг сая төгрөг болгохоор шийдвэрлэлээ.

Гэхдээ хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэг сая төгрөг болгож нэмэгдүүлсэн нь хөөрч, баярлах зүйл огт бишээ. Учир нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэмэгдлээ гээд нийт ажилчдын цалин хөлс нэмэгдэж, ард түмний амьдралд эерэг сайн нөлөө үзүүлдэг үү гэвэл, үгүй . Харин эсрэгээрээ "Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэмэгдлээ" гэдэг үгээр далимдуулан өргөн хэрэглээний бараа материалын үнэ өсөх хандлагатай байдаг билээ. Үүгээр ч зогсохгүй цалин нэмэгдэхийн хэрээр ажил олгогчийн цалингийн нийт зардал, түүнтэй холбоотой төлбөрүүд нэмэгдэж, олон ажилтантай, ашиг багатай жижиг, дунд бизнесүүдэд дарам болдог гэсэн тооцоо, судалгаа байдаг аж.  Тэр ч байтугай цалин нэмснээр ажиллах хүчний тоо цөөрдөг тухай судалгаа ч байдаг аж. Тухайлбал, Испанид 2019 онд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 22 хувиар өсгөсөн шийдвэрийн дараа шууд хамааралтай ажилчдын сарын орлого дунджаар 5.8 хувиар өссөн боловч тэдний хөдөлмөр эрхлэлт 0.6 хувиар буурсан гэж OECD-ийн судалгаанд дурдсан байна. 

Гурван талт Үндэсний хорооны бүрэлдэхүүнд төр, ажил олгогчийн тал, Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбоо (МҮЭХ) буюу ажилчдын төлөөлөл багтдаг. Тэгвэл хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлэх  санаачилгыг Монголын Үйлдвэрчдийн эвлэлийн холбооноос гаргадаг бөгөөд ажилчдын нэрийн өмнөөс хэмээн шалтаглаж, төр өөртөө авах торгууль татварын хэмжээгээ нэмж байна хэмээн зарим иргэд үзэж байгаа юм.