СУРВАЛЖИЛГА: “Дэлхийн морин хуурын төв цогцолбор” компани “Морин хуур ба нүүдэлчдийн өв” сэдэвт анхдугаар олон улсын эрдэм шинжилгээний хурлыг зохион байгууллаа

СУРВАЛЖИЛГА: “Дэлхийн морин хуурын төв цогцолбор” компани “Морин хуур ба нүүдэлчдийн өв” сэдэвт анхдугаар олон улсын эрдэм шинжилгээний хурлыг зохион байгууллаа

“Морин хуур ба нүүдэлчдийн өв” сэдэвт анхдугаар олон улсын эрдэм шинжилгээний хуралд долоон улсын 22 байгууллагын эрдэмтэн, судлаачид оролцож, морин хуурын үүсэл, хөгжил, нүүдэлчдийн соёлтой холбогдох түүх, цаашдын судалгааны чиглэлийн талаар хэлэлцлээ.

ВИДЕО:

Монголчуудын нүүдэлчин ахуй, оюун санаа, түүх соёлын салшгүй нэгэн хэсэг болсон морин хуурын талаарх судалгааг олон улсын түвшинд өргөжүүлэх зорилготой тус хурлыг "Дэлхийн морин хуурын төв цогцолбор" ХХК зохион байгуулсан юм. Тус байгууллага нь Монголд төдийгүй дэлхийд хамгийн өндөрт тооцогдох, 22 метрийн өндөртэй морин хуурын хөшөө бүхий цогцолборыг Тэрэлжид байгуулахаар ажиллаж байгаа билээ. Өмнө нь мэдээлж байсан энэхүү бүтээн байгуулалтынхаа хүрээнд морин хуурын түүх, өв соёлыг судлах, сурталчлах, олон улсын эрдэм шинжилгээний хамтын ажиллагааг хөгжүүлэхэд анхаарч буй нь энэ юм. 

"МОРИН ХУУР СУДЛАЛЫН ОЛОН УЛСЫН ЭРДЭМТЭД НЭГ ДОР ЧУУЛЛАА"

“Морин хуур ба нүүдэлчдийн өв” сэдэвт олон улсын хуралд долоон улсын 22 байгууллагын төлөөлөл, эрдэмтэн судлаачид оролцож, морин хуурын үүсэл, хөгжлийн түүх болон нүүдэлчдийн өв соёлтой хэрхэн холбогдож ирсэн талаар судалгааны бүтээлүүдээ танилцуулсан юм. Түүнчлэн оролцогч эрдэмтэд олон жилийн турш хийсэн судалгааныхаа үр дүнг хуваалцаж, морин хуурын түүхийг шинжлэх ухааны баримт, эх сурвалжид тулгуурлан судлахын ач холбогдлыг онцолж байлаа. Тухайлбал, Калифорнийн их сургуулийн доктор, профессор Петер Марш “Хуурын хөгжим, орчин үеийн утга санаа: Хаслунд-Кристенсений цуглуулга ба морин хуурын эх сурвалжийн түүх” сэдвээр илтгэл тавьсан бол Юннамын их сургуулийн доктор, профессор Пак Су Хён “Дэлхийн морин хуурын төв цогцолборын бүтээн байгуулалт ба 21-р зууны соёлын биет бус өвийн дамнасан алсын хараа” сэдвээр судалгаагаа танилцууллаа. Мөн доктор Б.Галаарид “Морин хуур болон монгол бөөгийн зурган замын бэлчиртэй холбогдох нь” сэдвээр илтгэл тавьсан юм. Энэ мэтчилэн олон улсын эрдэмтэн, судлаачид нийт 30 орчим илтгэл тавьж, судалгааны үр дүнгээ хэлэлцүүлсэн байна.

“СУДАЛГАА, ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ АЖИЛД ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ХИЙХГҮЙГЭЭР ЦААШ ЯВАХГҮЙ”

Монгол Улс морин хуур хөгжмийн уламжлалт урлагийг ЮНЕСКО-гийн Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн төлөөллийн жагсаалтад 2008 онд бүртгүүлсэн байдаг. Тиймээс морин хуурын түүх, уламжлал, урлахуй, хөгжимдөх арга барил зэрэг асуудлыг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр судалж, баримтжуулах шаардлага улам бүр нэмэгдэж буй. Энэ талаар Дэлхийн морин хуурын төв цогцолбор ХХК-ийн үүсгэн байгуулагч О.Ариунболд "Би бизнесмен, урлаачаас гадна эрдэмтдийн судалж мэдсэн зүйл дээр санхүүгийн хөрөнгө оруулалт хийхгүйгээр энэ цаашаа явахгүй гэж бодож байна. Судлаачидтай нийлж байж ирээдүйд чанартай бүтээл гарна. Эрдэмтэд ямар ажилд хөрөнгө оруулалт хийх шаардлагатай, ямар хөгжлийг цааш үргэлжлүүлэх хэрэгтэй вэ гэдгээс хамаараад би ямар хэмжээний хөрөнгө оруулалт хийх, хэрхэн дэмжих вэ гэдэг нь гарна гэж итгэж байна” гэлээ.

"СУДАЛГАА, БҮТЭЭЛД 100 САЯ ТӨГРӨГИЙН ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛНЭ"

Эрдэм шинжилгээний хурлын үеэр "Дэлхийн морин хуурын төв цогцолбор" ХХК-иас ирэх жил хүртэл морин хуурын чиглэлээр судалгаа хийх, бүтээл туурвих, ном товхимол хэвлүүлэх зэрэг ажилд эрдэмтэн, судлаачдад 100 сая төгрөгийн дэмжлэг үзүүлэхээр болсноо мэдэгдсэн юм. Ингэснээр морин хуурын судалгаанд тулгардаг санхүүжилт, судалгааны бүтээл хэвлүүлэх зэрэг асуудлыг шийдвэрлэхэд бодит дэмжлэг үзүүлэхээр болж байна. Тус компани цаашид энэхүү олон улсын хурлыг жил бүр уламжлал болгон зохион байгуулах бөгөөд ирэх жилүүдэд Тэрэлжид байгуулагдаж буй Морин хуурын төв цогцолборт хурлыг зохион байгуулахаар төлөвлөжээ.

Хөдөлмөрийн баатар, хөгжмийн зохиолч Н.Жанцанноров "Дэлхий нийтийн хөгжим гэхээсээ илүүтэй дэлхийн нийтийн хөгжимд тухайн үндэстэн хүний бүтээсэн оюуны ололт буюу хөгжим өөрөө хэрхэн яаж хадгалагдах вэ гэдэг асуудал байна. Хадгална гэдэг нь хав дарах биш юм байна. Тэгэхээр энэ хадгалж байгаа зүйлийг хэрхэн яаж бусдад хүртээх вэ гэдэг хоёр асуудал дээр төвлөрч яригдаж байна. Эрдэмтдийн оролцож байгаа бүрэлдэхүүн, олон сургуулийн үзэл санаа энд солбилцож байгаа учраас морин хуур судлал, түүний практик дахь хөгжилд энэ өөрөө шинэ түлхэц болно гэж харж байна” хэмээсэн юм.

Ийнхүү энэ удаагийн олон улсын хуралд морин хуурын үүсэл, түүх, нүүдэлчдийн соёлтой холбогдох олон талт асуудлыг өөр өөрийн судалгааны өнцгөөс авч үзсэн эрдэмтэд нэг дор цуглалаа. Морин хуур бол монголчуудын мэддэг, хайрладаг хөгжмийн зэмсэг төдий бус, нүүдэлчин ахуй, монголчуудын оюуны ертөнц, түүх соёлын үнэ цэнийг хадгалж ирсэн өв юм. Харин өв соёлыг хадгална гэдэг зөвхөн эгшгийг нь таслалгүй үргэлжлүүлэх бус, түүний үүсэл, хөгжил, утга агуулгыг танин мэдэж, баримтжуулан, шинжлэх ухааны үндэслэлтэйгээр хойч үедээ өвлүүлэх явдал гэдгийг тэд онцолж байлаа.