СУРВАЛЖИЛГА: “Бамбарууш кафег сэргээнэ” гэж 2021 оны "Хүүхдийн баяр"-аар  мэдэгдсэн Л.Оюун-Эрдэнийн амлалт одоог болтол хэрэгжилгүй мартагджээ

СУРВАЛЖИЛГА: “Бамбарууш кафег сэргээнэ” гэж 2021 оны "Хүүхдийн баяр"-аар мэдэгдсэн Л.Оюун-Эрдэнийн амлалт одоог болтол хэрэгжилгүй мартагджээ

Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ 2021 оны Олон Улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулж, хуучнаар "Бамбарууш кафе"-г тус оны есдүгээр сарын 1-нд сэргээж, хүүхдэд зориулсан чиглэлээр ашиглана гэж мэдэгдсэн байдаг ч одоог хүртэл энэхүү ажил мартагдсан билээ.

ВИДЕО:

-2021 ОНЫ ЕСДҮГЭЭР САРД "БАМБАРУУШ КАФЕ"-Г СЭРГЭЭН АШИГЛАЛТАД ОРУУЛАХААР АМЛАСАН Ч  ТАВАН ЖИЛ ӨНГӨРЧЭЭ-

"Бамбарууш кафе" нь социализмын үед буюу 1972-1990 оны хооронд хүүхэд багачуудад зориулан үйл ажиллагаагаа явуулж байсан. Тус барилгыг Монголын урчуудын эвлэлийн хорооны захиалгаар архитектор Б.Чимэд зураг төслийг нь боловсруулж одоогоос 60 гаруй жилийн өмнө буюу 1965 онд кафег барьсан түүхтэй.

Харин Ардчилсан хувьсгал өрнөж, өмч хувьсгал явагдсанаар “Бамбарууш кафе” үүд хаалгаа хаасан юм. Тэр цагаас хойш тус газар өмчлөгчдөө хэд хэд сольж байсан. Анхандаа “Хан Брой” хэмээх уушийн газар болж байсан бол дараа нь мөн л “Downtown” хэмээх уушийн газар болж өөрчлөгдсөн. Харин 2021 онд Л.Оюун-Эрдэнийг хүүхдийн баяраар “Бамбарууш кафе”-г сэргээнэ хэмээн амлаж байх үед газрын эзэмшигчээр “Моннис групп” байжээ.

-"МОННИС ГРУПП" ТӨРД ГАЗРАА ӨГЧ БУЙГАА МЭДЭГДЭЖ БАЙВ- 

Тухайн үед “Моннис групп”-ийн үйл ажиллагаа хариуцсан захирал хэвлэлд өгсөн нэгэн ярилцлагадаа “Өмчлөл бол манай компани дээр байгаа. Бид их олон жил зэрлэг капитализмын замаар явлаа. Одоо жаахан нийгмийн хариуцлагын үүднээс, хүүхдийн төлөө, төртэйгөө хамтарч үйл ажиллагаа явуулах хэрэгтэй. Ерөөс үйл ажиллагааг нь цэвэр хүүхдийн төлөө болгож өөрчлөх юм” хэмээсэн юм.

Харин өнөөдрийн байдлаар “Бамбарууш кафе” байсан тус газар нь “Баз интернэшнл” компаний нэр дээр байдаг.

2021 онд зөвхөн кафе байгуулахаас гадна Японы жишгээр хүүхдийн хөгжилд хувь нэмэр оруулсан, орчин үеийн технологийг ашигласан сургалт үйлчилгээний төв байгуулна хэмээн Засгийн Газраас мэдэгдэж байжээ. Хуучнаар “Бамбарууш кафе”-н барилгыг тойруулж татсан өнгө үзэмжгүй хашаа хотын төв цэгт хог, зэрлэг ургамал хоёртоо дарагдсан хэвээр харагдана. Бөмбөгөр хэлбэрийн байшинтай залгаа хэсэг бол хуучнаар кафен гал тогоо байжээ. Одоогоор түрээслэгч компанийн гал тогооны хэсэг болон хувирчээ. 

-ХҮҮХДИЙН ХӨГЖЛИЙГ ХАНГАХ ЗОРИУЛАЛТААР БАРЬСАН 151 БАЙГУУЛЛАГА БАЙДАГ-

Монгол улсад хүүхдийн хөгжлийг хангах зориулалтаар барьсан нийт 151 байгууллага байдаг. Үүний 72 нь төрийн, 75 нь хувийн болон олон улсын байгууллагын, дөрөв нь төр, хувийн хэвшлийн хамтарсан холимог өмчид бүртгэлтэй байдаг аж. Тэдгээр барилгуудын дийлэнх нь 1990-ээд онд баригдсан. Мөн зориулалтын бусаар ашиглаж буй 14 томоохон барилга илэрсэн байдаг.

Тэгвэл хэдхэн хоногийн өмнө Ерөнхий сайд Н.Учрал өмнө нь төрийн өмчит байсан хүүхдийн зуслангуудын өмч хувьчлалын асуудал шударга явагдаагүй талаар мэдэгдэл хийгээд амжсан байдаг. Жил бүрийн хүүхдийн баяраар манай улсын дарга нар олон амлалтыг өгч "шоуддаг" ч бодитоор хэрэгжсэн ажил "өдрийн од шиг" байдаг нь харамсалтай.