ВИДЕО: Монголын баялагт эзэн суух далд санаатай байх талтай Хятад иргэний хүсэлтийг УЕП Б.Жаргалсайханы удирдлагын прокурорууд гүйцэлдүүлж байж болзошгүй байна

ВИДЕО: Монголын баялагт эзэн суух далд санаатай байх талтай Хятад иргэний хүсэлтийг УЕП Б.Жаргалсайханы удирдлагын прокурорууд гүйцэлдүүлж байж болзошгүй байна

Сүүлийн жилүүдэд манай улсад түр болон байнга оршин сууж байгаа Хятад иргэд Монголын хууль тогтоомжийг уландаа гишгэж, хууль бус үйл ажиллагаа явуулах, төрийн байгууллагын үйл ажиллагаанд саад учруулах, монголчуудын Үндсэн хуулиар олгогдсон эрх, эрх чөлөөнд халдах явдал нэлээдгүй гарах болсон.

Тэгвэл Хятадын нэр бүхий иргэн Монголын хууль хяналтын байгууллагын тогтолцоог ашиглан, хөрөнгө оруулагч нэрээр уул уурхайн лиценз эзэмшигч компанийн хувьцаа эзэмшигчийг хуулийн байгууллагад олон жил уяснаас "Олгой булаг" компанийн өмч хөрөнгө, цаашлаад монголын байгалийн баялаг үнэгүйдэж, үнс болгоод зогсохгүй, тус компанитай гэрээ байгуулан хамтран ажиллаж байгаа компани ч хохирч байгаа баримтыг бид энэ удаад дэлгэж байна. 

ВИДЕО: 

Сүхбаатар аймагт байрлах Төхөмийн уурхайг эзэмшигч "Олгой булаг" компанитай "Петро Монгол консалтинг" компани 2024 оны тавдугаар сарын нэгний өдөр хамтран ажиллах гэрээг байгуулан, хөрс хуулалт, ажилчдын байр зэрэгт 20 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө гаргаж, тус уурхайн Зүүн амыг ашиглаж эхэлсэн байгаа юм. Тухайн үед Хятадын иргэн Ли Жуан Хуа гэх эмэгтэйн гомдлоор "Олгой булаг" компанийн Баруун амыг битүүмжилсэн байсан бөгөөд Зүүн амыг ашиглахад хууль эрх зүйн хувьд ямар нэгэн асуудал байгаагүй аж. 

Гэтэл 2025 оны аравдугаар сард гэнэт л уурхайн Зүүн амыг прокурорын шийдвэрээр  хаасан байгаа юм. Харин дээд шатны прокурор нь "Хятадын иргэний гомдолтой "Олгой булан" компанийн нэг хувьцаа эзэмшигч 70 гаруй насны Монгол иргэн Д.Эрдэнэд холбогдох шалгагдаж буй хэрэгт хохирол нөхөн төлүүлэх зорилгоор Төхөмийн уурхайн 21 сая тонны нөөцтэй Баруун амыг битүүмжилсэн байхад дахин Зүүн амыг нь битүүмжилсэн нь үндэслэлгүй байна" хэмээн нэг сарын дараа Зүүн амыг битүүмжээс чөлөөлсөн байгаа юм.

Нэгэнт дээд шатны прокурор нь шийдвэр гаргаж, уурхайн Зүүн амыг нээсэн тул "Петро Монгол консалтинг" компани үйл ажиллагаагаа үргэлжлүүлж, уурхайн ам дээр 500 орчим мянган тоон нүүрс олборлож, мөн 150 мянга орчим нүүрсийг экспортод гаргахад бэлэн болгоод байжээ. Гэтэл БНХАУ-ын иргэн Ли Жуан Хуа гэх эмэгтэйн хүсэлтээр Хан-Уул дүүргийн прокуророос энэ оны гуравдугаар сарын 20-ны  /2026.03.20/ өдөр уурхайн Зүүн амыг мөн л дахин битүүмжилсэн байна. Үүнээс үүдэж, "Олгой булаг" компанитай гэрээ байгуулан ажиллаж байсан "Петро Монгол консалтинг" компани хохирч, зээлийн хүү, тоног төхөөрөмжийн түрээс, ажилчдын цалин зэрэг зардалд өдөрт 140 сая төгрөгийн алдагдал хүлээж, олборлосон болон экспортод гаргахад бэлэн болоод байсан нүүрсний тодорхой хэсэг нь шатаж, үнс болжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.2.1 дэх хэсэгт “зөвхөн яллагдагчийн эд хөрөнгийг хохирлын хэмжээгээр л битүүмжлэх агуулгатай” заалт бий. Энэ ч утгаараа "Олгой булаг" компанийн нэг хувьцаа эзэмшигч Д.Эрдэнийн 9 тэрбумын хохиролтой гэгдэх хэрэгт 21 сая тонны нөөцтэй Баруун амыг битүүмжлэхэд хангалттай байх учиртай. Үүнийг ч дээд шатны прокурор нь тогтоосон байдаг. Гэтэл Хятад иргэний хүсэлт, гомдлоор "Олгой булаг" компанийн Төхөмийн уурхай Зүүн амыг удаа дараа битүүмжилж байгаагийн цаана Ли Жуан Хуа гэх хятад иргэний эрх ашиг байна уу, эсвэл хэн нэгэн улс төрийн нөлөө бүхий эрхэм үүнд нөлөөлөөд байна уу гэх хардлага энд өөрийн эрхгүй төрж байгаа юм. Тиймээс Монгол Улсын иргэдийн, аж ахуйн нэгж компаниудын цаашлаад Монгол Улсын өмч хөрөнгө үнэгүйдэж, үнс болж байгаа асуудалд Төрийн хууль цаазын тэргүүн зөвлөх, Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайхан та анхаарал хандуулах цаг болсныг энд тодотгож байна.

Түүнчлэн, “Төхөм”-ийн уурхайг ийнхүү удаа дараа гомдол, хүсэлтээрээ нээлгэж, хаалгаад байх талтай Хятадын иргэн Ли Жуан Хуа гэгч эмэгтэй нь Монгол Улсын иргэнд Үндсэн хуулиар олгогдсон үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөг эрх дураараа ашиглаж, монголчуудыг муулж, “үндэсний эв нэгдлийг хагалган бутаргах”, монголын байгалийн баялагт эзэн суух зэрэг далд санаатай байж болзошгүй асуудлыг Тагнуул, цагдаагийн байгууллага гээд холбогдох хууль хяналтын байгууллага ч анхаарах шаардлагатай байгаа юм. 




Өнөөдөр тахиа өдөр

4 цагийн өмнө