Спорт заал, фитнесс клубын хувцас солих өрөөнд хамгийн түгээмэл харагдах зүйлсийн нэг нь өвчин намдаах “хөлдөөгч цацлага” болоод байна. Шөрмөс татах, бэртэл гэмтлийн үед хэрэглэдэг уг бүтээгдэхүүнийг сүүлийн үед иргэд өдөр тутмын өвдөлтөндөө хүртэл дур мэдэн хэрэглэх болжээ. Харин буруу хэрэглээнээс үүдэн арьсаа түлэх, цэврүүтүүлэх тохиолдол нэмэгдэж байгааг эмч нар анхааруулж байна.
ВИДЕО:
"ХҮЙТНЭЭР МЭДРЭЛД БОГИНО ХУГАЦААНЫ НӨЛӨӨ ҮЗҮҮЛЖ ӨВДӨЛТИЙГ НАМДААДАГ ТУЛ ТАМИРЧИД ТҮГЭЭМЭЛ АШИГЛАДАГ"
Манай сурвалжлах баг хэд хэдэн эмийн сангаар ороход спортын өвчин намдаах хөлдөөгч цацлага нь үйлдвэрлэсэн улс, брэндээсээ хамааран 18-40 мянган төгрөгийн үнэтэй худалдаалагдаж байв. Мөн жоргүй олгодог аж. Гэхдээ асуудлын гол нь жортой, жоргүйдээ бус иргэдийн зохисгүй хэрэглээнд байгааг мэргэжлийн хүмүүс хэлж байна. Уг цацлагыг ихэвчлэн спортын бэртэл, зөөлөн эдийн гэмтэл, булчингийн чангарал, шөрмөс суналт зэрэг үед өвдөлт намдаах зорилгоор хэрэглэдэг. Хүйтнээр мэдрэлд богино хугацааны нөлөө үзүүлж өвдөлтийг намдаадаг тул тамирчид, дасгал хөдөлгөөн хийдэг хүмүүс түгээмэл ашигладаг байна.
Гэвч иргэд ойр зайнаас олон давтамжтай цацах, нэг хэсэгт удаан хугацаагаар хэрэглэх зэргээс шалтгаалан арьс түлэгдэх, өнгөн давхарга хайрагдах сөрөг нөлөө түгээмэл бүртгэгдэж байгаа аж. Зарим тохиолдолд арьс цэврүүтэж, эд үхжих хүртэл эрсдэл үүсдэг байна.

Сурвалжлах явцад уулзсан иргэдийн зарим нь уг бүтээгдэхүүнийг сураг төдий сонссон ч зөв хэрэглэх зааврын талаар төдийлөн мэдээлэлгүй байлаа. Тэдний дунд “өвдсөн хэсэгтээ хэд ч хамаагүй цацчихдаг” гэх ойлголт байна. Манай улсын иргэдийн эм, тарианы зөв зохисгүй хэрэглээ их. Улмаар уг асуудлыг зохицуулахаар жортой, жоргүй эмийн жагсаалтыг шинэчилж байсан.
"ӨВДӨЛТТЭЙ ХЭСГЭЭС 30-40 СМ-ИЙН ЗАЙНААС 3-5 СЕКУНДЭЭС ИЛҮҮГҮЙ ХУГАЦААНД ЦАЦАЖ ХЭРЭГЛЭХ ЁСТОЙ"
Энэ талаар спортын гэмтлийн эмч Э.Түвшинбаяраас тодрууллаа "Хөлдөөгч цацлага нь спортын гэмтэл, булчингийн чангарал, үе мөчний өвдөлт, шөрмөс суналт зэрэг үед хэрэглэдэг бүтээгдэхүүн. Жоргүй худалдаалдаг нь буруу биш. Харин иргэд зааврын дагуу хэрэглэхгүй байгаагаас асуудал үүсэж байна. Ойр зайнаас олон давтамжтай цацсанаар арьс түлэгдэх, хайрагдах тохиолдол ирдэг. Өвдөлттэй хэсгээс 30-40 см-ийн зайнаас 3-5 секундээс илүүгүй хугацаанд цацаж хэрэглэх ёстой” гэв.
Эмч нарын зүгээс өвчин намдаах үйлчилгээтэй бүтээгдэхүүнийг “сураг төдий” хэрэглэхээс зайлсхийж, хэрэглэх зааврыг сайтар уншихыг зөвлөж байна. Хэдхэн секунд сэрүү татуулах үйлчилгээтэй энэ төрлийн цацлага буруу хэрэглэвэл хүйтний түлэгдэлт үүсгэх эрсдэлтэйг анхааруулсаар байна.