Манай улсын төрөлт жил тутам буурч байгаа ч өсвөр насны охидын жирэмслэлтийн тоо буурахгүй байгаа гэх тоог Үндэсний статистикийн хороо танилцуулсан нь олон нийтийн сэтгэлийг эмзэглүүлсэн. Энэ бол хөндөх, анхаарах ёстой асуудал. Иймд ЭХЭМҮТ-ийн Өсвөр үеийн клиникийн эрхлэгч Г.Оюундарьтай ярилцлаа. Салбарт ажиллаж байгаа эмч, мэргэжилтнүүд энэ үзэгдлийг зөвхөн хувь хүний бус, боловсрол, гэр бүлийн орчин, хүчирхийлэл зэрэг нийгмийн олон хүчин зүйлтэй холбоотой асуудал гэдгийг онцолж байна.
ВИДЕО:
"ӨСВӨР ҮЕИЙН ЖИРЭМСЛЭЛТ БҮС НУТГИЙН ДУНДЖААС ӨНДӨР ХЭВЭЭР БАЙНА"
-Төрөлт жил тутам буурч байгаа ч өсвөр насны охидын жирэмслэлтийн тоо буурахгүй байгаа гэх тоог Үндэсний статистикийн хороо танилцуулсан. Салбарын эмч мэргэжилтнүүд энэ тоо мэдээлэлтэй санал нийлж байгаа юу?
— Статистикийн хувьд Монгол Улсад өсвөр үеийн жирэмслэлт, төрөлтийн тоо бага зэрэг буурч байгаа. Гэхдээ хамгийн чухал нь бид өөрсдийгөө дэлхийн болон бүс нутгийн дундажтай харьцуулж харах хэрэгтэй байдаг. Дэлхийн дундажтай харьцуулахад манай улсын үзүүлэлт харьцангуй бага мэт боловч бүс нутгийн дунджаас өндөр хэвээр байна. Энэ нь бидэнд анхаарал хандуулах шаардлагатай, хүнд асуудал хэвээр байгааг харуулж байгаа юм.
-Саяхан есөн настай охин жирэмсний хяналтад орсон тухай мэдээлэл олон нийтийг цочирдуулсан. Өсвөр насны жирэмслэлт гэдэг ойлголт улам бага нас руу орж байна гэж ойлгож болох уу?
— Урьд нь 15–19 насны жирэмслэлтийг түлхүү авч үздэг байсан. Өөрөөр хэлбэл, мянган охид тутамд 15–19 насанд хэдэн жирэмслэлт тохиолдож байгааг хэмждэг байлаа. Харин сүүлийн жилүүдэд 10–14 насны жирэмслэлт нэмэгдэх хандлага ажиглагдаж байна. Энэ насанд гарч буй жирэмслэлтүүдийн дийлэнх нь хүүхдийн өөрийн хүсэл, ухамсарт сонголтоос үүдэлтэй байдаггүй. Илүүтэйгээр бэлгийн хүчирхийлэл, ядуурал, боловсролын хүртээмж, гэр бүлийн орчин зэрэг нийгмийн эмзэг асуудлуудтай холбоотой байдаг. Тиймээс өсвөр насны жирэмслэлтийг зөвхөн хувь хүний асуудал гэж харах боломжгүй. Энэ бол нийгмийн асуудал.
— Таны ажилласан хугацаанд хамгийн бага насны жирэмсэн хүүхэд хэдэн настай байсан бэ?
— Миний харж байсан хамгийн бага насны тохиолдол 12 настай хүүхэд байсан. Жирэмслэлт нь нэлээд хугацаанд үргэлжилчихсэн ирсэн. Энд жирэмслэлтээс гадна маш олон нийгмийн асуудал давхар гарч ирдэг. Хүүхдүүд айдаг, нуудаг. Ээж, аавдаа ч хэлж чаддаггүй. Гэхдээ нуух тусам асуудал арилдаггүй шүү дээ. Өсвөр насныхан эрсдэлийг бүрэн тооцож чаддаггүй насанд явж байдаг. Үр дагаврыг нь ч бүрэн ойлгохгүй. Тиймээс л эцэг эх, асран хамгаалагчийн үүрэг маш чухал байдаг.

"ДЭМБ-ЫН МЭДЭЭЛЛЭЭР ЖИЛ БҮР ДЭЛХИЙ ДАЯАР 21 САЯ ӨСВӨР НАСНЫ ОХИН ЖИРЭМСЭЛДЭГ"
— Өсвөр насандаа жирэмсэн болсон хүүхдүүдийн хэдэн хувь нь төрүүлдэг вэ?
— Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээллээр жил бүр дэлхий даяар 21 сая өсвөр насны охин жирэмсэлдэг. Үүний 12 сая нь төрдөг бөгөөд нийт жирэмслэлтийн 50 хувь нь хүсээгүй байдаг. Хүсээгүй жирэмслэлтийн 55 хувь нь үр хөндөлтөөр төгсдөг гэсэн судалгаа бий. Монголд ч мөн адил хугацаандаа эмнэлэгт хандсан өсвөр насныхан үр хөндөлтийг сонгох тохиолдол байдаг. Харин хугацаа нь хэтэрсэн үед төрүүлэх шийдвэр гаргах нөхцөл үүсдэг. Хамгийн чухал нь хүүхэд хэр эрт эмнэлэгт хандаж байна вэ, асуудлаа хэр эрт ярьж чадсан байна вэ гэдэг юм. Учир нь өсвөр насны жирэмслэлт нь эх, нярайн эрүүл мэндийн олон эрсдэлийг дагуулдаг.
— Энэ асуудлыг шийдэхийн тулд олон улсад ямар зөвлөмж өгч байна вэ?
— Дэлхийн эрүүл мэндийн байгууллага 2025 оны дөрөвдүгээр сард бага, дунд орлоготой орнуудад зориулсан нөхөн үржихүйн эрүүл мэндийн шинэ удирдамж гаргасан. Тэр удирдамжид өсвөр насны жирэмслэлт бол зөвхөн эмнэлгийн асуудал биш гэдгийг онцолсон байдаг. Нэгдүгээрт, боловсролыг дэмжих ёстой гэж үзсэн. Хүүхдүүдийг ерөнхий боловсролоо бүрэн эзэмшиж, цаашид их, дээд сургуульд суралцах боломжийг нэмэгдүүлэх тусам жирэмслэлт буурдаг гэсэн судалгаа бий. Хоёрдугаарт, өсвөр насныхныг “хүүхэд” гэхээс илүү өөрийн эрүүл мэндийн талаар мэдэх эрхтэй хүн гэж харах шаардлагатай. Гуравдугаарт, ядуу, боломжгүй өрхийн хүүхдүүдэд боловсролын дэмжлэг, тэтгэлэг, нийгмийн хамгааллыг нэмэгдүүлэх хэрэгтэй гэж зөвлөсөн. Өөрөөр хэлбэл, энэ асуудлыг зөвхөн эмч нар дангаараа шийдэх боломжгүй. Нийгмийн бүх тал хамтдаа оролцох шаардлагатай.
— Эмнэлэгт ирж байгаа хүүхдүүд сэтгэлзүйн хувьд маш хүнд байдалтай байдаг байх?
— Маш хэцүү нөхцөлд ирдэг. Заримдаа хүүхдээсээ илүү эцэг эх нь шоконд орсон байдаг. “Би хүүхдээ ийм том болсон гэж бодоогүй”, “Ийм зүйл болно гэж төсөөлөөгүй” гэж хүлээн зөвшөөрч чаддаггүй. Зарим нь уурлаж, загнаж, бүр зодож ч илэрхийлэх тохиолдол бий. Гэхдээ яг тэр нөхцөл байдалд байгаа хүн нь өсвөр насны хүүхэд шүү дээ. Тэр хүүхдийг хамгаалж, асуудлыг шийдэх ёстой хүн нь эцэг эх болохоос хүүхэд өөрөө биш.

"ЭМЧ НАРЫН ХАРИЛЦАА, ХАНДЛАГА, НУУЦЛАЛ МАШ ЧУХАЛ БАЙНА"
— Эрүүл мэндийн хичээл сургуульд ордог ч агуулга нь хангалтгүй байна гэж эмч нар үздэг үү?
— Зарим талаар хангалтгүй гэж хэлнэ. Өсвөр үеийн эрүүл мэнд гэдэг нь зөвхөн жирэмслэлтээр дуусахгүй. Бие физиологи, сэтгэлзүй, нийгмийн харилцаа гээд нас насанд өөр асуудлууд тулгардаг. 10–13 насны хүүхдэд өөрийн биеэ хамгаалах тухай ойлголт өгөх хэрэгтэй. “Хэн нэгэн энд хүрвэл буруу”, “Айсан үедээ ээж, аавдаа хэлээрэй” гэх мэт анхан шатны ойлголтыг өгөхөөс эхэлнэ. Бэлгийн боловсрол олгох нь хүүхдийг “туршиж үзэхэд” түлхдэг гэсэн ойлголт буруу. Харин ч өөрийгөө хамгаалах чадвар суулгадаг. Хүүхдүүдэд хамгийн чухал зүйлсийг хамгийн хайртай хүмүүс нь буюу эцэг эх нь тайлбарлаж өгөх хэрэгтэй байдаг.
— 14-өөс доош насны хүүхдийн жирэмслэлт шууд хүчирхийллийн асуудал болж яригддаг. Хууль эрх зүйн орчныг ч бас сайжруулах шаардлага бий юу?
— Тийм. Хууль эрх зүйн асуудал ч мөн энэ сэдвийн нэг хэсэг. Өсвөр насныхны асуудлыг зөвхөн хүүхдийг буруутгах байдлаар авч үзэж болохгүй. Тэгвэл хүүхдүүд өөрсдийгөө л буруутгаж эхэлдэг. Бид олон талаас нь харж, нийгмийн хэмжээнд шийдвэрлэх шаардлагатай.
— Зарим өсвөр насныхан эмнэлэгт хандахгүйгээр хувийн эмнэлэг, танилын хүрээнд асуудлаа шийдэх тохиолдол ч байдаг байх?
— Тийм. Тиймээс статистик мэдээллийг илүү нэгтгэж харах шаардлага бий. Мөн нэг чухал асуудал нь хүүхдүүд яагаад эмнэлэгт итгэж, хандахгүй байна вэ гэдэг. Энд эмч нарын харилцаа, хандлага, нууцлал маш чухал. Өсвөр насныхан өөрийг нь шүүмжлэхгүй, ойлгох хүн хайдаг. Тиймээс эмч нарт эмнэлзүйн мэдлэгээс гадна харилцааны ур чадвар, нууцлал, итгэл төрүүлэх хандлага маш хэрэгтэй болж байна.
— Эцэг эхчүүд хүүхэдтэйгээ энэ талаар хэдэн наснаас ярилцаж эхлэх ёстой вэ?
— Ерөнхийдөө 10–19 насыг өсвөр нас гэж үздэг. Гэхдээ зарим охинд найман наснаас бэлгийн бойжилт эхэлдэг. Хөх ургаж эхлэх үеэс л бага багаар тайлбарлаж эхлэх хэрэгтэй. “Энэ бол хэвийн зүйл”, “Бие чинь өөрчлөгдөж байна” гэдгийг ойлгуулна. Дараа нь насанд нь тохируулж аюулгүй байдал, эрсдэлийн тухай ярилцана. Нийгмийн сүлжээн дээр гарч байгаа жишээ, тохиолдлуудыг ашиглаад “Чи ийм нөхцөлд орвол яах вэ?” гэж ярилцах нь чухал. Тэр хүүхэд бодит нөхцөл байдалд ороход өмнө нь ярьж байсан зүйл нь хамгийн түрүүнд санаанд ордог.
— Ярилцлагын төгсгөлд нэмж хэлэх зүйл байна уу?
— Гэр бүлийн орчин хүүхдийн амьдралд хамгийн их нөлөөтэй. Хүүхдээ хайрлаж, хамгаалж, анхаарахгүй бол өөр хэн нэгэн тэр орон зайг эзэлдэг. Тэндээс л эрсдэл эхэлдэг. Тиймээс эцэг эхчүүд хүүхэдтэйгээ нээлттэй ярилцдаг байх хэрэгтэй. Нуух тусам хүүхдүүд өөр газраас мэдээлэл хайдаг. Хамгийн эмзэг, хамгийн чухал асуудлыг хүүхэдтэйгээ та өөрөө ярьж өгөх ёстой. Хэрэв чадахгүй байвал эмч, сэтгэлзүйч зэрэг мэргэжлийн хүмүүсээс тусламж авах хэрэгтэй. Өсвөр насны жирэмслэлт бол ганц хүүхдийн алдаа биш. Бид бүгдийн хамтын хариуцлага юм.
— Ярилцсанд баярлалаа.