Монголын өмгөөлөгчдийн холбооны ерөнхийлөгч Л.Данзанноровтой “Хөөн хэлэлцэх хугацаа”- ны талаар ярилцлаа.
ВИДЕО:
- Урилгыг маань хүлээн авсан танд баярлалаа. Ярилцлагаа хөөн хэлэлцэх хугацаа гэж юу вэ гэдэг асуултаас эхэлье.
- Баярлалаа. Түүхэн талаас нь авч үзвэл хөөн хэлэлцэх хугацаа гэдэг ойлголт Монгол Улсын эрх зүй, тэр дундаа эрүүгийн эрх зүйд нэлээд эртнээс хэрэглэгдэж ирсэн. Тухайлбал, 1926 онд батлагдсан “Шүүх цаазын бичиг”-т “ял үл хэлэлцэх” гэсэн агуулгаар туссан байдаг. Үүнийг энгийнээр тайлбарлавал, хуульд заасан тодорхой хугацаа өнгөрсөн тохиолдолд тухайн хэрэгтэй холбоотой асуудлыг цаашид шалгахгүй, яллагдагчаар татахгүй, эрүүгийн хариуцлага хүлээлгэхгүйгээр шийдвэрлэнэ гэсэн үг юм. Энэ ойлголтын цаана эрүүгийн эрх зүйн олон чухал зарчим бий. Хамгийн гол нь хууль дээдлэх зарчим, мөн энэрэнгүй ёсны зарчимтай холбоотой. Энэрэнгүй ёсны зарчмын агуулгыг тодорхой хэмжээнд илэрхийлдэг гэж хэлж болно. Өөрөөр хэлбэл, гэмт хэргийн араас шуурхай мөрдөн шалгаагүй, тухайн цаг үедээ нотлох баримт хангалттай бүрдээгүй, эсвэл удаан хугацааны дараа илэрсэн тохиолдолд хэргийн ач холбогдол тодорхой хэмжээнд буурдаг гэж үздэг. Манай эрүүгийн эрх зүйн нэртэй эрдэмтэд хөөн хэлэлцэх хугацааны талаар нэлээд судалж, оновчтой тодорхойлолтуудыг өгсөн байдаг. Тэдний үзэж буйгаар тодорхой хугацаа өнгөрсний дараа ялын зорилго, эрүүгийн хариуцлагын утга агуулга тодорхой хэмжээнд алдагддаг.
Нөгөө талаас, гэмт хэрэгт өртсөн этгээдийн сэтгэлийн шарх, эмзэг байдал тодорхой хугацааны дараа харьцангуй илааршиж, эрхийг сэргээх нөхцөл байдал ч өөрчлөгдсөн байдаг учраас хөөн хэлэлцэх хугацаа гэх ойлголтыг эрх зүйд зайлшгүй хэрэглэдэг юм.
Хөөн хэлэлцэх хугацаа бол үндсэндээ нийтийн эрх зүйд хэрэглэгддэг ойлголт л доо. Эх газрын буюу Ром-Германы эрх зүйн системтэй улс орнууд эрүүгийн хуульдаа хөөн хэлэлцэх хугацааг тусгайлан зохицуулж өгдөг. Монгол Улсын эрх зүйн тогтолцоо мөн Ром-Германы эрх зүйн системийн суурьтай. Ийм тогтолцоотой улсуудад гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж, хэргийн ангилал, оногдуулж болох ял шийтгэлийн төрлөөс хамааран хөөн хэлэлцэх хугацааг харилцан адилгүй тогтоодог.

- Ер нь хөөн хэлэлцэх хугацааг тоолох нь зөв үү, буруу юу? Нэг хэргийг тухайлан авч үзээд “хөөн хэлэлцэх хугацаатай”, эсвэл “хөөн хэлэлцэх хугацаагүй” гэж хуульчлах нь хэр оновчтой вэ?
- Хөөн хэлэлцэх хугацааны асуудлыг нийтлэг журмаар зохицуулдаг. Өөрөөр хэлбэл, иргэн А, иргэн Ц-тэй холбоотой тодорхой хэрэг дээр тусгайлан ийм хэмжээний хөөн хэлэлцэх хугацаа тогтооно гэж хуульчилдаггүй. Дэлхийн улс орнууд энэ асуудлыг ерөнхий зарчмаар нь авч үздэг. Манай өмнөх Эрүүгийн хууль ч мөн ийм зохицуулалттай байсан. Өмнөх зохицуулалтаар эрүүгийн гэмт хэргийг нийгмийн хор аюул, хор уршиг, учруулсан хохирол зэрэг шинжээр нь ангилдаг байлаа. Тухайлбал, хөнгөн, хүндэвтэр, хүнд, онц хүнд гэмт хэрэг гэж ангилна. Энэ ангиллаас шалтгаалан хөөн хэлэлцэх хугацаа нь харилцан адилгүй тогтоогддог байсан. Жишээлбэл, хөнгөн хэрэгт нэг жил хүртэл, хүндэвтэр буюу тав хүртэл жилийн хорих ялтай хэрэгт таван жил гэх мэтээр ангиллаасаа хамаардаг байв. Харин сүүлд батлагдсан Эрүүгийн хуульд гэмт хэргийг оногдуулж болох ял шийтгэлийн хэмжээгээр нь ангилж зохицуулсан. Тухайлбал, хорих ял оногдуулахгүйгээр шийдвэрлэх хэрэгт нэг жил, найман жил хүртэл хорих ялтай хэрэгт таван жил гэх мэтээр заасан байдаг. Үүнээс шалтгаалан зарим маргаантай асуудал үүссэн. Яагаад гэвэл, зөвхөн хорих ялын хэмжээгээр баримжаалан тогтоохоор хорих ялгүй хэрэгт хугацааг хэрхэн тооцох нь тодорхойгүй болсон. Мөн хуулийн этгээдтэй холбоотой асуудал ч бүрэн тодорхой зохицуулагдаагүй. Үүнээс гадна зарим онцгой төрлийн хэрэг, тухайлбал татварын хэрэг дээр хоёр өөр хуулийн зохицуулалтын зөрчил үүсэж, хөөн хэлэлцэх хугацааны асуудал дээр хийдэл бий болсон. Энэ шалтгаанаар тодорхой нэмэлт, өөрчлөлтүүд орж, ерөнхийдөө зохицуулалтыг цэгцлэх чиглэл рүү явж байгаа гэж хэлж болно. Гэхдээ 2015 онд батлагдсан Эрүүгийн хууль хэрэглээнд бүрэн ороогүй байх үедээ 2017 онд дахин нэмэлт, өөрчлөлт орсон. Дараа нь 2020 онд дахин өөрчлөлт хийхдээ мөн хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой асуудлыг хөндсөн байгаа юм. Тухайлбал, 2015 онд батлагдсан Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлд “Хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн яллагдагчаар татах хүртэл хугацаагаар тоолно” гэж заасан байсан. Харин 2017 оны нэмэлт, өөрчлөлтөөр “гэмт хэрэг үйлдсэн өдрөөс анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл хугацаагаар тоолно” гэж, өмнө мөрдөгдөж байсан хуулийн агуулгад ойртуулан өөрчилсөн. Улмаар энэ зохицуулалт оновчгүй байна гэж үзсэн үү, хууль тогтоогчид 2020 оны нэгдүгээр сарын 10-ны нэмэлт, өөрчлөлтөөр дахин өөрчилж, үндсэндээ 2015 оны анхны агуулгад нь буцаан ойртуулж, хугацааг богиносгосон байдлаар зохицуулсан.Хууль тогтоох эрх мэдэл парламентын бүрэн эрхэд хадгалагддаг учраас энэ зохицуулалтыг шууд буруутгах боломжгүй. Ийм байдлаар хөөн хэлэлцэх хугацааг тооцдог Ром-Германы эрх зүйн бүлийн зарим улс орон ч бий. Гэхдээ өнөөдөр маргаан дагуулж байгаа гол асуудал нь Үндсэн хуулийн цэцийн шийдвэрүүд, мөн Улсын дээд шүүхийн тайлбаруудтай холбоотой. Эдгээрээс үүдэн хөөн хэлэлцэх хугацааг хэрхэн тоолох асуудал дээр харилцан адилгүй байр суурь, зөрүүтэй ойлголтууд гарч, нийгэм, хуульчдын хүрээнд маргааны сэдэв болоод байна.
- Ер нь авлига, албан тушаалын гэмт хэрэг дээр хөөн хэлэлцэх хугацаа байх ёсгүй гэсэн байр суурь нийгэмд их байдаг. Магадгүй малын хулгай зэрэг өөр төрлийн гэмт хэрэгтэй харьцуулахад хөөн хэлэлцэх хугацаа нь харилцан адилгүй байгаа нь зөв үү? Энэ асуудлыг та хуульч хүний хувьд хэрхэн хардаг вэ?
- Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль батлагдах үед түүнийг дагаж мөрдөх журмын тухай хууль мөн батлагдсан байдаг. Тэр хуульд таны хэлсэнчлэн авлига, албан тушаалын хэрэгт хөөн хэлэлцэх хугацаа тооцохгүй байх, мөн өмнө нь авлига, албан тушаалын хэргээр шалгагдаж байгаад хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болсон хэргүүдийг сэргээн шалгах тухай зохицуулалтууд орсон байсан. Үүнтэй холбоотойгоор Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйл буюу эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх зохицуулалт яригддаг. Өөрөөр хэлбэл, ял шийтгэлийг хөнгөрүүлсэн, хүний эрх зүйн байдлыг дээрдүүлсэн, эсвэл гэмт хэрэгт тооцохгүй болсон тохиолдолд тухайн хүнд эерэгээр нөлөөлөх байдлаар хуулийг буцаан хэрэглэдэг зарчим бий. Харин дээр дурдсан дагаж мөрдөх журмын тухай хуульд энэ зарчим үйлчлэхгүй байх агуулгыг тусгасан байсан.
Үүнийг Монгол Улсын Үндсэн хуулийн цэц авч хэлэлцээд, Үндсэн хуульд заасан хууль дээдлэх зарчим, шударга шүүхээр шүүлгэх эрх, мөн Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ, конвенцийн холбогдох заалтуудтай зөрчилдөж байна гэж үзэн тухайн дагаж мөрдөх журмын тухай хуулийг хүчингүй болгосон.
Харин үүний дараа Монгол Улсын Дээд шүүхээс 2022 оны гуравдугаар сарын 9-ний өдөр 11 дүгээр тогтоол буюу Улсын дээд шүүхийн тайлбарыг гаргасан. Нийт шүүгчийн хуралдааны тогтоолоор хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой асуудлыг тайлбарласан гэсэн үг.
Ер нь Улсын дээд шүүх хууль тайлбарлах эрхтэй юу гэвэл, эрхтэй. Гэхдээ энэ асуудал дээр маргаан үүсэж байгаа шалтгаан нь шүүхийн тайлбар хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангах ёстой юу, эсвэл хуулийн агуулгыг өөрчилсөн мэт үр дагавар бий болгож байна уу гэдэг дээр төвлөрч байгаа юм. Тиймээс хөөн хэлэлцэх хугацааны асуудал зөвхөн эрүүгийн бодлогын асуудал биш, мөн Үндсэн хууль, хүний эрх, эрх зүйн тогтвортой байдлын хүрээнд яригдах болсон гэж хэлж болно.

- Гэхдээ Цэцийн шийдвэр эцсийнх байдаг шүү дээ. Тэгэхээр Цэцийн шийдвэрийг Дээд шүүх тайлбарлаж байгаа нь өөрөө хэр зохистой вэ?
- Улсын дээд шүүхийн тайлбарын агуулгыг авч үзвэл, өмнө нь үүсээд шалгагдаж байсан хэрэг эсэх нь хамаарахгүй, тухайн этгээдийг яллагдагчаар татах хүртэл хугацаагаар хөөн хэлэлцэх хугацааг тоолно гэсэн байдлаар тайлбарласан. Өөрөөр хэлбэл, эрх зүйн байдлыг нь дордуулсан шинжтэй агуулгаар тайлбар хийсэн гэж үзэх үндэслэл бий. Үүнтэй холбоотойгоор нэлээд маргаан үүссэн. Манай Өмгөөлөгчдийн холбооны гишүүд, мөн нэр бүхий хуульчдын зүгээс энэ нь Үндсэн хууль зөрчиж байна гэсэн байр суурийг илэрхийлж, Үндсэн хуулийн цэцэд хандсан. Тэдний үзэж буйгаар хууль дээдлэх зарчим, иргэн хэргээ боломжит богино хугацаанд шийдвэрлүүлэх эрх, Монгол Улс олон улсын өмнө хүлээсэн үүргээ шударгаар сахин биелүүлэх зарчим, мөн хууль, зарлиг, тогтоол болон төрийн байгууллагын бусад шийдвэр Үндсэн хуульд нийцсэн байх ёстой гэсэн суурь зохицуулалтуудыг зөрчсөн байж болзошгүй гэж үзсэн. Энэ үндэслэлээр Цэцэд мэдээлэл гаргаж, маргаан үүсгэсэн ч өнөөдрийн байдлаар процесс бүрэн шийдвэрлэгдээгүй, удаашралтай үргэлжилж байна. Бараг дөрвөн жилийн өмнөөс хандсан асуудал хэдий ч одоог хүртэл эцэслэн шийдэгдээгүй байгаа. Гэхдээ ойрын хугацаанд тодорхой шийдвэр гарах болов уу гэсэн хүлээлт хуульчдын дунд бий.
- Хөөн хэлэлцэх хугацаагүй байснаараа Монгол Улс “дээвэргүй шорон” болно гэж ярьдаг. Энэ талаар та юу хэлэх вэ?
- Нэр бүхий хүмүүс энэ талаар байр сууриа илэрхийлдэг. Өөрөөр хэлбэл, ямар нэг хэргийг эцэслэн шийдвэрлэлгүйгээр удаан хугацаанд шалгаж, янз бүрийн таслан сэргийлэх арга хэмжээ авч, тухайлбал Монгол Улсын хилээр гарах эрхийг хязгаарлах зэрэг байдлаар хүний эрхийг зөрчиж байна гэсэн шүүмжлэл цахим орчинд ч их гардаг. Үүнтэй холбоотойгоор хөөн хэлэлцэх хугацааны асуудал нь хүний эрхийн асуудал мөн үү гэдэг өнцгөөс яригддаг болсон.
Түрүүн хэлсэнчлэн Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлд заасан хууль буцаан хэрэглэх зарчим, тэр дундаа ял шийтгэлийг хүндрүүлэх, эрх зүйн байдлыг дордуулахгүй байх зарчимтай энэ асуудал шууд холбоотой. Тиймээс хөөн хэлэлцэх хугацааны зохицуулалтад хууль буцаан хэрэглэх үү, үгүй юу гэдэг асуудал нэлээд анхаарал татдаг.
Хөөн хэлэлцэх хугацааг уртасгах, эсвэл богиносгох нь өөрөө тодорхой үр дагавартай. Хэрэв хугацааг уртасгавал тухайн хэрэгт холбогдон шалгагдаж байгаа хүн эрүүгийн хариуцлагаас чөлөөлөгдөх, хэрэг нь хэрэгсэхгүй болох боломж хумигдана. Нөгөө талаас, эрүүгийн хэрэгт шалгагдаж байна гэдэг өөрөө тухайн хүнд эерэг нөлөө үзүүлэхгүй. Үүнтэй зэрэгцээд зорчих эрхийг хязгаарлах, хилээр гарахыг хориглох, бүр цаашлаад цагдан хорих зэрэг таслан сэргийлэх арга хэмжээнүүд хэрэгждэг. Энэ бүхэн нь тухайн хүний эрх зүйн байдалд сөргөөр нөлөөлж, эрхийг нь тодорхой хэмжээнд дордуулдаг.
Эрүүгийн хуулийн зохицуулалт бүхэлдээ нийтлэг үйлчлэлтэй байдаг. Ялангуяа Ерөнхий ангид байгаа 1.9, 1.10 зэрэг зүйлүүд нь бүх төрлийн гэмт хэрэгт хамаарч үйлчилдэг суурь зохицуулалт юм. Харин Тусгай ангид тодорхой төрлийн гэмт хэрэг, түүнд оногдуулах ял шийтгэлийг тусгайлан зохицуулдаг.
Гэтэл хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой дээрх зохицуулалтыг эрүүгийн процессын шинжтэй асуудал гэж үзээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд хамааруулан тайлбарласан нь өөрөө маргаан дагуулж байгаа. Яагаад гэвэл эрүүгийн материаллаг хууль буюу Эрүүгийн хуулийн хувьд ашигтай хуулийг буцаан хэрэглэх зарчим зөвхөн Монголд төдийгүй дэлхий нийтэд түгээмэл үйлчилдэг. Эрүүгийн процессын хууль шинэчлэгдэн батлагдвал өмнөх процессын хууль хүчингүй болж, ерөнхийдөө буцаан хэрэглэгддэггүй онцлогтой. Харин Эрүүгийн хууль өөрөө онцлогтой. Учир нь шинэ хууль батлагдсан ч өмнөх хууль бүрэн “алга болдоггүй”. Өмнөх хуулийн үйлчлэлтэй үед үйлдэгдсэн хэрэгт аль хууль нь тухайн хүнд ашигтай байна, түүнийг хэрэглэнэ гэсэн зарчим үйлчилдэг. Өөрөөр хэлбэл, шинэ хууль ял шийтгэлийг хөнгөрүүлсэн бол тухайн хүнд ашигтайгаар нь хэрэглэнэ, өмнөх хууль илүү ашигтай байвал мөн өмнөх хуулийг хэрэглэнэ гэсэн зарчимтай. Харин хөөн хэлэлцэх хугацааны зохицуулалтыг “процессын шинжтэй” гэж үзээд энэ зарчмыг хэрэглэхгүй байхаар тайлбарлаж байгаа нь өнөөдрийн гол маргааны нэг болоод байна.

- Энэ ч үүднээсээ Үндсэн хуулийн цэцийн бага суудлын хуралдаанаас Улсын дээд шүүхийн тайлбар Үндсэн хууль зөрчсөн байж болзошгүй гэж үзээд, Цэцийн их суудлын хуралдаанаар хэлэлцэх нь зүйтэй гэсэн шийдвэр гаргасан гэж ойлгож болох нь ээ?
- Тийм. Ярилцлагын эхэнд таны хэлсэнчлэн Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэр гармагцаа хүчин төгөлдөр үйлчилж, хэрэгжих ёстой. Харин Улсын дээд шүүхийн тайлбар өөрөө Үндсэн хуулийн хяналтын объект мөн үү, Үндсэн хуулийн цэцээр хянагдах ёстой юу гэдэг асуудал дээр тусдаа маргаан өрнөж байгаа. Үүний шалтгаан нь өмнө нь дагаж мөрдөх журмын тухай хуульд “хууль буцаан хэрэглэх зарчим үйлчлэхгүй” гэж заасныг Үндсэн хууль зөрчсөн гэж Цэц дүгнэж, хүчингүй болгосон байдаг. Гэтэл дараа нь Улсын дээд шүүхийн тайлбараар өмнөхөөсөө дээрдүүлсэн, өөрөөр хэлбэл хүний эрх зүйн байдлыг сайжруулсан хуулийг хэрэглэхгүй гэсэнтэй төстэй үр дагавар бүхий тайлбар гарсан нь өөрөө маргаан дагуулж байгаа юм. Үндсэн хуулийн 70.1 дүгээр зүйлд “Монгол Улсын Үндсэн хуульд хууль, зарлиг, тогтоол, төрийн байгууллагын бусад шийдвэр бүрнээ нийцсэн байвал зохино” гэж заасан байдаг. Тиймээс Улсын дээд шүүх, тэр дундаа нийт шүүгчийн хуралдаанаас гаргасан тогтоол нь Үндсэн хуулийн хяналтын объект мөн гэж бид үздэг. Учир нь шүүх байгууллага өөрөө төрийн эрх мэдлийн байгууллага. Өөрөөр хэлбэл, “төрийн байгууллагын бусад шийдвэр” гэх хүрээнд хамаарна гэсэн үг. Энэ утгаараа Үндсэн хуулийн цэц тухайн тайлбарыг хянан шийдвэрлэх бүрэн үндэслэлтэй.
Ер нь Монгол Улсад мөрдөгдөж байгаа бүх хууль тогтоомж, зарлиг, тогтоол Үндсэн хуульд нийцэж байгаа эсэхэд хамгийн дээд хяналтыг хэрэгжүүлдэг байгууллага нь Үндсэн хуулийн цэц шүү дээ. Тиймээс Цэцийн хяналтаас аливаа төрийн байгууллагын шийдвэр, үйл ажиллагаа ангид байх ёсгүй гэж үзэж байна.
- Тэгэхээр хуульч нар биш, Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаанд оролцдог шүүгч нар бус энгийн сэтгүүлч би хүртэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Эрүүгийн хууль хоёр чинь хоёр тусдаа зүйл байна. Яагаад энийг нэгтгээд Улсын Дээд шүүх тогтоол гаргачихав аа гээд харахаар эргээд магадгүй улс төрийн ямар нэг нөлөөтэй юм биш биз. Магадгүй Хөгжлийн банкны хэрэг ч гэдэг юмуу, тухайлсан хэргүүд дээр тухайлж гаргасан тогтоол юм биш биз гэсэн хардлага бас байгаа.
- Ер нь эрх зүйн зарчим гэдэг зүйл бол аливаа хууль бүтэх, батлагдах, нэмэлт өөрчлөлт оруулахдаа зайлшгүй нэг бүрчлэн харгалзан үзэж байх ёстой үзэл баримтлалыг зарчим гээд байгаа юм. Ямар ч хууль, ямар ч гадны нөлөөлөл оролцоо, ашиг сонирхол байлаа гэсэн энэ зарчимдаа нийцэж гарч байх ёстой. Харин улс төрийн нөхцөл нөлөө байгаа эсэхийг мэдэхгүй. Нэлээд анхаарал татсан асуудал мөн үү гэвэл мөн. Энэ хөөн хэлэлцэх хугацааг хэдий үеэс нь хэдий үе хүртэл тоолох, мөн энэ тохиолдолд хуулийн нэмэлт өөрчлөлт орохын өмнө үүссэн, өмнө шалгагдаж эхлээд одоог хүртэл үргэлжилж байгаа асуудлууд дээр хөөн хэлэлцэх хугацааг ашигтай байдлаар өмнө нь мөрдөгдөж байсан анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдө болох хүртэл хугацаанд тоолно гэдэг зарчим үйлчлэх үү, эсвэл яллагдагчаар татах хүртэл тоолно гэдэг зарчим үйлчлэх үү гэдгээс хамаараад тодорхой хэргийн хувь заяа, эрүүгийн хариуцлага хүлээлгэх эсэх асуудал бас нөлөөлнө. Тийм учраас энэ асуудал руу илүү их анхаарал хандуулж байгаа зарим нэг албан тушаалтан, тодорхой бүлэг хүмүүс байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ хэдий тийм боловч эрх зүйн зарчим, зохицуулалт, нийтээр хүлээн зөвшөөрсөн хэм хэмжээг хэзээ ч мартаж болохгүй.
- Хуульч биш, энгийн сэтгүүлч хүний нүдээр харахад хүртэл Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль хоёр чинь өөр өөр зохицуулалттай, тусдаа хууль байна шүү дээ. Гэтэл яагаад Улсын дээд шүүх энэ хоёрыг нэгтгэсэн мэт тайлбар гаргав гэдэг асуулт гарч ирж байна. Үүнтэй холбоотойгоор магадгүй улс төрийн нөлөө байсан юм биш биз, тухайлсан томоохон хэргүүд, жишээлбэл Хөгжлийн банкны хэрэг зэрэгтэй холбоотой гаргасан тайлбар юм биш биз гэсэн хардлага ч нийгэмд байна.
- Ер нь эрх зүйн зарчим гэдэг бол аливаа хууль батлах, нэмэлт, өөрчлөлт оруулах, хэрэглэх бүхий л үйл ажиллагаанд зайлшгүй баримтлах ёстой суурь үзэл баримтлал юм. Өөрөөр хэлбэл, ямар ч хууль, ямар ч нөхцөл байдал, гаднын нөлөө, ашиг сонирхол байлаа гэсэн тэр нь эрх зүйн үндсэн зарчимтай нийцэж байх ёстой.
Харин улс төрийн нөлөө байсан эсэхийг би шууд хэлж мэдэхгүй. Гэхдээ энэ асуудал нийгмийн анхаарал татсан, өндөр ач холбогдолтой сэдэв мөн үү гэвэл мөн. Яагаад гэвэл хөөн хэлэлцэх хугацааг хэдий үеэс эхэлж, хэдий хүртэл тоолох вэ гэдэг нь өөрөө тодорхой хэргүүдийн хувь заяанд шууд нөлөөлөх хэмжээний асуудал болчихсон.
Тухайлбал, хуулийн нэмэлт, өөрчлөлтөөс өмнө үүссэн, олон жилийн турш шалгагдаж байгаа хэргүүд дээр өмнө мөрдөгдөж байсан “анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл хугацаагаар тоолно” гэсэн зарчим үйлчлэх үү, эсвэл “яллагдагчаар татах хүртэл хугацаагаар тоолно” гэсэн шинэчилсэн зарчим үйлчлэх үү гэдгээс шалтгаалаад тухайн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх эсэх асуудал шийдэгдэнэ. Тиймээс энэ асуудалд өндөр ач холбогдол өгч, өөр өөр байр суурьтай хандаж байгаа албан тушаалтнууд, сонирхлын бүлгүүд байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ ямар ч тохиолдолд эрх зүйн үндсэн зарчим, хууль хэрэглээний тогтвортой байдал, нийтээр хүлээн зөвшөөрсөн хэм хэмжээг орхигдуулж болохгүй. Эцсийн дүндээ эрх зүй гэдэг өөрөө тухайн үеийн нөхцөл байдалд бус, зарчимд тулгуурлаж үйлчлэх ёстой тогтолцоо юм.
- Эцсийн эцэст энэ асуудал тодорхой хэдэн албан тушаалтан, эсвэл тодорхой хүмүүстэй холбоотой мэт харагдаж болох юм. Гэхдээ цаад агуулгаараа хүний эрхийн асуудал яригдаж байгаа. Хамгийн гол нь хүний эрх зөрчигдөх эрсдэл бий юу гэдэг өнцгөөс харах ёстой байх.
- Бүх хууль Үндсэн хуульд нийцсэн байх ёстой. Энэ бол хууль дээдлэх ёсны үндсэн агуулга юм. Хэрэв “энэ нь таалагдахгүй байна”, “ингэж тайлбарлавал ямар вэ” гэсэн байдлаар тогтсон хэм хэмжээ, хууль зүйн суурь зарчмуудыг үл тоомсорлон, дур зоргоороо тайлбарлах хандлага давамгайлбал хуульт ёс, эрх зүйт төрийн зарчим өөрөө алдагдах эрсдэлтэй. Тиймээс асуудлыг хувь хүн, эсвэл тодорхой хэрэг дээр төвлөрч бус, эрх зүйн нийтлэг зарчим талаас нь авч үзэх шаардлагатай. Өөрөөр хэлбэл, иргэний эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг хэрэглэх зарчим, олон жил тогтвортой мөрдөгдөж ирсэн олон улсын жишиг, мөн одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулиа хэрэглэх үү, үгүй юу гэдэг асуудал яригдаж байгаа юм. Гэхдээ өнөөдрийн байдлаар Үндсэн хуулийн цэц энэ маргаанд эцсийн шийдвэр гаргаагүй байна. Тиймээс ямар дүгнэлт, шийдвэр гарахыг урьдчилан хэлэхэд эрт байна. Харин эрх зүйн нийтлэг зарчим, хууль хэрэглээний тогтвортой байдал, олон улсын хүний эрхийн баримт бичгүүд, тухайлбал Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пакт зэрэг Монгол Улсын нэгдэн орсон гэрээ, конвенцийн хүрээнд асуудлыг авч үзэх болов уу гэсэн хүлээлт бий. Ямар ч байсан энэ асуудлын эцсийн шийдвэрийг хуульчид төдийгүй эрх ашиг нь хөндөгдөж байгаа иргэд, олон нийт анхааралтай ажиглаж, хүлээж байна.
- ҮХЦ энэ асуудлыг хэлэлцэхгүй дөрвөн жил болж байна. Магадгүй өмнө нь хэлэлцсэн учраас хэрвээ хэлэлцчих юм бол хүлээгээд авчих байх. Өмнөх шийдвэртэйгээ ижил шийдвэр гаргах болов уу гэсэн хүлээлт байгаа юу?
- Хуулийн нэгдмэл хэрэглээ, тогтвортой байдал гэдэг маш чухал ойлголт. Өөрөөр хэлбэл, нэг асуудлаар өчигдөр нэг шийдвэр гаргачихаад, өнөөдөр түүнээсээ эсрэг агуулгатай шийдвэр гаргана гэдэг байж болохгүй зүйл. Ер нь тийм байх ч ёсгүй. Өмнө нь Үндсэн хуулийн цэц энэ асуудалтай холбоотой маргааныг хэлэлцэх үед Улсын Их Хурлаас томилогдсон итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбар гаргаж байсан юм билээ. Миний ойлгож байгаагаар тухайн тайлбарт “эрүүгийн материаллаг хэм хэмжээ” буюу Эрүүгийн хуулийн зохицуулалт, “процессын хэм хэмжээ” буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зохицуулалт хоёр өөр шинжтэй. Тиймээс хууль буцаан хэрэглэх зарчим энэ тохиолдолд үйлчлэхгүй гэсэн агуулгыг илэрхийлсэн байдаг.
Харин Үндсэн хуулийн цэц тухайн тайлбар үндэслэлтэй эсэхэд үнэлэлт, дүгнэлт өгөөд, эцэст нь тодорхой заалтууд Үндсэн хууль зөрчсөн байна гэсэн дүгнэлт гаргасан.
Одоо явагдаж байгаа маргааны хувьд ч мөн адил асуудал яригдаж байна. Тухайлбал, Улсын дээд шүүхийн тайлбарт хөөн хэлэлцэх хугацааны үргэлжлэх хугацааг тогтоосон хэсгийг материаллаг эрх зүйн хэм хэмжээ гэж үзэж болох ч, “хэзээнээс эхэлж, хэзээ хүртэл тоолох вэ” гэдэг асуудлыг процессын шинжтэй зохицуулалт гэж тайлбарласан. Үүнтэй холбоотойгоор “яллагдагчаар татах хүртэл хугацаагаар тоолно” гэсэн агуулгаар, өөрөөр хэлбэл хүний эрх зүйн байдлыг дээрдүүлээгүй байдлаар хэрэглэх тайлбар гарсан гэсэн үг.
Тиймээс өмнө нь Цэцээр нэгэнт хэлэлцэгдэж, тодорхой хэмжээнд дүгнэлт өгөгдсөн асуудал учраас одоогийн маргаан ч мөн тэр хүрээндээ үргэлжилж байгаа болов уу гэж харж байна. Миний хувьд өмнөх шийдвэрийнхээ агуулга, зарчмыг баримталж шийдвэрлэх болов уу гэсэн таамаглалтай байгаа.
Гэхдээ эцсийн шийдвэрийг бид гаргахгүй шүү дээ. Үндсэн хуулийн цэцэд хууль, эрх зүйн онол, практикийн өндөр мэдлэг, мэргэшилтэй хүмүүс ажиллаж байгаа учраас тэдний гаргах дүгнэлт, шийдвэрт найдаж байна.

- Ер нь Дээд шүүхийн тайлбарыг маргаангүйгээр хэрэглэх боломж байсан уу? Ийм тохиолдол байгаа юу?
- Ямар тохиолдолд маргаангүй хэрэглэх боломжтой байх вэ гэвэл, хэрэв энэ асуудлыг цэвэр материаллаг эрх зүйн хэм хэмжээ гэж үзсэн бол боломжтой байж болох байсан. Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг “гэмт хэрэг үйлдсэн өдрөөс яллагдагчаар татах хүртэл хугацаагаар тоолно” гэсэн зохицуулалтыг дангаар нь авч үзээд, түүнийг нийтлэг байдлаар хэрэглэх нөхцөл бүрдсэн бол маргаан харьцангуй бага байх боломжтой.
Гэхдээ асуудлын гол нь зөвхөн хугацааны хэмжээ дээр биш, харин “хэзээнээс эхэлж”, “хэзээ хүртэл тоолох вэ” гэдэг дээр үүсээд байгаа юм. Улсын дээд шүүхийн тайлбар энэ хэсгийг эрүүгийн процессын шинжтэй зохицуулалт гэж үзэж тайлбарласан. Харин нөгөө тал нь үүнийг хүний эрх, эрх зүйн байдлыг дордуулах үр дагавартай материаллаг эрх зүйн асуудал гэж үзэж байгаа учраас маргаан үүсээд байна.
Өөрөөр хэлбэл, хэрэв энэ зохицуулалт нь тухайн хүний эрх зүйн байдлыг өөрчлөхгүй, дордуулахгүй, эсвэл өмнөхөөс илүү ашиггүй үр дагавар үүсгэхгүй байсан бол маргаан ийм хэмжээнд хүрэхгүй байх боломжтой байсан. Гэтэл бодит байдал дээр хөөн хэлэлцэх хугацааг хэрхэн тоолохоос шалтгаалаад эрүүгийн хариуцлага хүлээх эсэх, хэрэг хэрэгсэхгүй болох эсэх шийдэгдэж байгаа учраас энэ нь дан ганц процессын асуудал биш, материаллаг эрх зүйн үр дагавартай гэж үзэх үндэслэл бий болоод байгаа юм.
- Ярилцсанд баярлалаа.