Монгол Улс БНХАУ-аас шатахууныг урт хугацаанд тогтвортой нийлүүлэх гэрээ байгуулах, газрын тосны хайгуул, олборлолтын үйл ажиллагааг эрчимжүүлэхээр тохиролцлоо.
Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням БНХАУ-ын Газрын тосны корпораци /CNPC/-ийн Ерөнхий захирал Жоу Шиньхуайтай уулзаж, Монгол, Хятадын газрын тосны салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлаар санал солилцож, цаашид хамтран ажиллахаар тохиролцсон байна. Уулзалтаар шатахууны урт хугацааны тогтвортой нийлүүлэлт, газрын тосны хайгуул, олборлолт, шинэ талбайн хамтын ажиллагаа, боловсруулах үйлдвэрийн түүхий эдийн хангамж болон нүүрс-химийн үйлдвэрлэлийн чиглэлээр хамтран ажиллах асуудлыг хэлэлцжээ.
CNPC-ээс Монгол Улсад есдүгээр сард 10 мянган тонн автобензин, 4000 тонн онгоцны түлш, 3000 тонн дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон байна.
Мөн дотоодын хэрэгцээ, зах зээлийн нөхцөлтэй уялдуулан есдүгээр сард нэмэлтээр 5000 тонн АИ-92 автобензин, 20-30 мянган тонн дизель түлш, аравдугаар сард 10 мянган тонн АИ-92 автобензин, 30-40 мянган тонн дизель түлш нийлүүлэх хүсэлтийг CNPC-ийн талд хүргүүлжээ. Цаашид шатахууныг богино хугацааны худалдан авалтаар бус, урт хугацаанд тогтвортой хангах гэрээ, баталгаат хэмжээ, ил тод үнийн томьёолол болон төмөр замын логистиктой уялдсан тогтолцоонд шилжихээр талууд тохиролцсон байна.
- ГАЗРЫН ТОСНЫ ОЛБОРЛОЛТЫГ НЭМНЭ -
Түүнчлэн, газрын тосны олборлолтыг нэмэгдүүлэхээр төлөвлөжээ. Тодруулбал, Тосон-Уул XIX, Тамсаг XXI талбайн 2026-2030 оны хөрөнгө оруулалт, олборлолтын хөтөлбөрийг шинэчлэн боловсруулж, шинэ цооног өрөмдөх, нөөцийг дахин үнэлэх, дэвшилтэт технологи нэвтрүүлэх замаар олборлолтыг нэмэгдүүлэхээр болжээ. Мөн жилийн олборлолтыг 0.8-1.0 сая тонн хүртэл нэмэгдүүлэх боломжийг техникийн болон эдийн засгийн хувьд хамтран үнэлж, замын зураглал боловсруулах юм.
Үүний зэрэгцээ CNPC-ийг Монгол Улсын шинэ хайгуулын талбайд хөрөнгө оруулахыг урьж, 1-2 шинэ талбайд хамтарсан урьдчилсан геологи, эдийн засгийн үнэлгээ хийхээр тохиролцсон байна.
- ГАЗРЫН ТОС БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРИЙГ ТҮҮХИЙ ЭДЭЭР ХАНГАНА -
Мөн газрын тос боловсруулах үйлдвэрийг түүхий эдээр хангахаар болсон байна. Тодруулбал, 2028 онд ашиглалтад оруулахаар төлөвлөж буй Монголын газрын тос боловсруулах үйлдвэрийг тогтвортой ажиллуулахын тулд Тосон-Уул XIX, Тамсаг XXI талбайгаас олборлох түүхий тосны нийлүүлэлтийг урт хугацаанд баталгаажуулах механизмыг бүрдүүлэхээр болжээ. Энэ хүрээнд АҮЭБЯ, CNPC, “Daqing Oilfield” болон Монголын газрын тос боловсруулах үйлдвэрийн төлөөллөөс бүрдсэн хамтарсан техникийн баг байгуулж, түүхий тосны олборлолт, нийлүүлэлт, чанар, логистикийн асуудлыг нарийвчлан боловсруулна. Мөн нүүрсний давхаргын метан хий, нүүрснээс нийлэг хий болон шингэн түлш үйлдвэрлэх зэрэг нүүрс-химийн технологийн хамтын ажиллагааг өргөжүүлэхээр төлөвлөжээ. Уулзалтын хүрээнд АҮЭБЯ болон CNPC хооронд Харилцан ойлголцлын санамж бичиг байгуулж, нарийвчилсан замын зураглалыг эцэслэн батлахаар тогтсон байна.