Apple-ийн түүхэн дэх хамгийн үнэтэй iPhone “Duo” 1999-3200 ам.доллароор худалдаалагдана

Apple-ийн түүхэн дэх хамгийн үнэтэй iPhone “Duo” 1999-3200 ам.доллароор худалдаалагдана

Apple компанийн шинэ захирал Жон Тернус албан тушаалаа хүлээж авснаасаа хойш хоёр дахь долоо хоногтоо тус компанийн iPhone гарснаас хойших хамгийн том өөрчлөлтүүдийн нэг болох анхны эвхэгддэг iPhone-ийг танилцуулсан байна. 

Тим Күүкийг залгамжлан Apple-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж эхэлсэн Ж.Тернус жил тутмын бүтээгдэхүүн танилцуулах арга хэмжээний үеэр “Duo” нэртэй шинэ төхөөрөмжийг олон нийтэд үзүүлжээ. Ном шиг дэлгэгддэг энэхүү төхөөрөмж нь дэлгэсэн үедээ жижиг iPad-тэй төстэй бол эвхэхэд өргөн дэлгэцтэй iPhone хэлбэртэй болдог байна.

Apple-ийн түүхэн дэх хамгийн үнэтэй iPhone болсон “Duo” нь АНУ-д 1999 ам.доллароос эхлэх бөгөөд зарим хувилбарын үнэ 3200 ам.долларт хүрэх аж.

Ж.Тернус шинэ төхөөрөмжийг “iPad-аас санаа авч бүтээсэн” хэмээн тодорхойлж, зах зээл дээрх бусад эвхэгддэг утаснаас илүү энгийн, хэрэглэхэд хялбар туршлагыг санал болгоно гэж мэдэгдсэн байна. Гэсэн ч шинжээчид Apple-ийн энэхүү шинэ алхам томоохон эрсдэл дагуулж болзошгүйг анхааруулжээ. Тодруулбал, Forrester-ийн шинжээч Д.Чаттержи эвхэгддэг iPhone нь компанийн нэр хүндийг өсгөх ч бодит борлуулалтын өсөлт авчрахгүй, өндөр үнэтэй төхөөрөмж болон үлдэх эрсдэлтэй гэж үзсэн байна.

Одоогоор Samsung, Huawei зэрэг үйлдвэрлэгчийн эвхэгддэг утаснууд дэлхийн ухаалаг гар утасны зах зээлийн ердөө хоёр орчим хувийг эзэлдэг байна. Шинжээчдийн таамагласнаар Apple зах зээлд нэвтэрснээр эвхэгддэг утасны эрэлт нэмэгдэх боловч ойрын арван жилд энэ төрлийн төхөөрөмж нийт зах зээлийн дөрвөн хувиас хэтрэхгүй байж магадгүй аж.

Apple мөн шинэ арга хэмжээний үеэр iPhone 18 Pro, iPhone 18 Pro Max загварууд болон Siri-ийн хиймэл оюунд суурилсан шинэ боломжуудыг танилцуулжээ. “Siri AI” нь хэрэглэгчийн зөвшөөрлөөр мессеж, цахим шуудан зэрэг мэдээллийг боловсруулж, асуултад хариулах болон тодорхой үйлдлийг хэрэглэгчийн өмнөөс гүйцэтгэх боломжтой болох аж.

Ж.Тернус шинэ технологийг хэрэглэгчийн өдөр тутмын амьдралын “ухаалаг хувийн төв” болгон хөгжүүлж байгааг онцолж, хувийн мэдээллийг хамгаалах нь Apple-ийн гол зарчим хэвээр байх болно гэж мэдэгджээ. Ийнхүү Apple-ийн шинэ удирдлагын эхний томоохон бүтээгдэхүүний нээлт болсон анхны эвхэгддэг iPhone зах зээлийг байлдан дагуулах шинэ амжилт болох уу, эсвэл өндөр үнэтэй туршилтын бүтээгдэхүүн болон үлдэх үү гэдэг нь анхаарал татаж байна.

Эх сурвалж: BBC