Парламентын засаглалтай манай улсын хувьд цар тахлын онцгой байдлын энэ үед УИХ аль эрт ээлжит бусаар хуралдаад “онцгой байдал”-ын тухай хуулиа баталчих ёстой байсан юм. Учир нь УИХ-аас давсан эрхтэй Улсын Онцгой комисс гэгч байгууллага сүүлийн дөрвөн сар орчмын хугацаанд УИХ-ын ажлыг хийлээ.
Ямартай ч коронавируст халдвар /Covid-19/ цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх тухай хуулийн төслийг УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, Х.Нямбаатар нар энэ сарын 17 /2020.04.17/ өдөр УИХ-ын даргад өргөн барьсан. Энэхүү хуулийн төслийг парламентаар яаралтай батлах чиглэлд ажиллаж байгаа бололтой.
-ХУУЛЬ БАТЛАГДВАЛ Ж.ЭНХБАЯР, Х.НЯМБААТАР НАРЫН ЖДҮХС-ААС АВСАН ЗЭЭЛИЙГ Ч НИЙТЭЛЖ БОЛОХГҮЙ БОЛОХ УУ-
Гэтэл Ж,Энхбаяр, Х.Нямбаатар нарын санаачилж, өргөн мэдүүлсэн тус хуулинд хувь хүний Үндсэн хуулиар олгогдсон эрхэнд халдсан, дарангуйллын шинжтэй хэдэн, хэдэн заалт орсон байна.
Тухайлбал, Тус хуулийн төслийн 9.14 “Харилцаа холбооны зохицуулах хороо нь цар тахлын үед болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, түүнтэй тэмцэх, олон нийтийг төөрөгдүүлэх мэдээ мэдээллийг таслан зогсоох зорилгоор цахим хуудас болон олон нийтийн сүлжээний хандалтыг түр хязгаарлах, тархалтыг бууруулах арга хэмжээг эрх бүхий байгууллагын саналыг үндэслэн нэн даруй авна” гэж тусгажээ. Учир нь хуулийн энэ заалт батлагдвал иргэн болоод сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллага үнэн болон худал мэдээлэл нийтэлсэн эсэхээ шүүхээр хэлэлцүүлэхгүйгээр, нэг даргын гарын үсэг, үзэмжээр хэвлэл мэдээллийн байгууллагаа хаалгах, хуулийн хариуцлага хүлээх ажээ. Мөн энэ хуулийн заалт нь иргэдийн олон нийтийн сүлжээ /facebook, twitter зэрэг/-ний хаяг болоод вэб сайтуудад зориулсан зохицуулалт байгаа юм.
Нөгөөтэй, ямар мэдээллийн чиглэл болохыг энэхүү хуулийн төсөлд оноож, зааж өгөөгүй нь хууль санаачлагч Ж.Энхбаяр, Х.Нямбаатар нарын ЖДҮХС-аас авсан зээлийн тухай ч бичиж, нийтэлж болохгүй нь гэх хардлагыг төрүүлж байгаа юм.
Мөн “төөрөгдүүлэх мэдээлэл цахим орчинд тархахаас сэргийлэх зорилгоор цахим орчинд зохицуулалт хийх журмыг Цагдаагийн төв байгууллага, Харилцаа холбооны зохицуулах хороотой хамтран баталж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллана” гэж төсөлд тусгажээ.
-ШҮҮГЧ, ПРОКУРОРЫГ 24 ЦАГААР АЖИЛЛУУЛАХ ЗААЛТЫГ ОРУУЛЖЭЭ-
Энэ хуулийн төслийн талаар өнгөрөгч Даваа гарагт УИХ дахь АН-ын зөвлөл мэдээлэл хийж, “Энэ хууль /Ж.Энхбаяр, Х.Нямбаатар нарын хууль/ Коронавирусийг далимдуулж, хөл хорио дор иргэдэд яаж ял шийтгэл оногдуулах вэ гэдэг тал руу хэт анхаарсан нь маш буруу.
Хэтэрхий өндөр дүнтэй торгууль оногдуулах нь энэ цаг үед зохисгүй. Сануулах арга хэмжээг огт тусгаагүй байна. Ингэж дарангуйлсан хуулийг гаргаж болохгүй” гэж мэдэгдсэн юм.
Тэгвэл тус хуулийн төслийн 9.11-д “Шүүгч, прокурорыг 24 цагаар ажиллуулах журмыг Улсын Дээд шүүхийн ерөнхий шүүгч болон Улсын ерөнхий прокурор тус тус баталж, хэрэгжилтийг нь зохион байгуулна” гэж тусгажээ. Учир нь коронавирус цар тахлын энэ үед шүүгч, прокурорыг 24 цагаар ажиллуулах ямар шаардлага байгаа вэ гэх асуудал гарч байна.