НИТХ-ын Хүний хөгжлийн хорооны хуралдаанаар ерөнхий боловсролын сургуулиудын англи хэлний багшийн дутагдлыг Филиппин багш нараар нөхөх асуудлыг хэлэлцжээ.
Нийслэлийн төрийн өмчийн 332 сургуульд өнөөдрийн байдлаар 336 мянга гаруй сурагч англи хэлний хичээл судалж байна. Одоогоор англи хэлний 1403, англи-орос хэлний 129 буюу нийт 1,532 багш долоо хоногт 38 мянга 324 цагийн хичээл зааж байгаа аж. Багшийн долоо хоногийн дундаж ачааллыг 22 цагаар тооцоход нийслэлийн хэмжээнд 210 орчим багшийн дутагдал үүсжээ.
Мөн гуравдугаар сарын 11-ний өдрийн байдлаар нийслэлийн найман дүүргийн төрийн өмчийн 87 сургуульд 181 багшийн сул орон тоо байгааг судалгаагаар тогтоосон байна.
Энэ сул орон тоонд тулгуурлан гадаад багш ажиллуулах туршлагад тулгуурлан 200 багшаар тооцоход нийслэлийн төсвөөс 3.9 тэрбум төгрөг шаардлагатай гэсэн урьдчилсан тооцоо гарчээ. Төлөөлөгчдийн зүгээс гадаад багш нарыг ажиллуулах нь сурагчдын хэлний мэдлэгийг сайжруулах, багш нарын арга зүй, ур чадварыг дээшлүүлэх, багшийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд үр дүнтэй гэж үзсэн байна. Түүнчлэн сургууль бүрт ажиллах гадаад багшийн тоо, цагийн ачаалал, хотын захын сургуулиудад багш хуваарилах зарчим, хэрэгжилтийн үр дүнг хэрхэн үнэлэх зэрэг асуудлаар тодруулга хийх шаардлагатай онцолжээ.