Б.Алтангэрэл: Түймэр унтраачихаад гэртээ ороход эхнэр шууд үнэрээр нь мэдээд хүрээд ирсэн

Б.Алтангэрэл: Түймэр унтраачихаад гэртээ ороход эхнэр шууд үнэрээр нь мэдээд хүрээд ирсэн

Өнгөрсөн ням гарагт Богдхан ууланд ихээхэн хэмжээний гал түймэр гарсан. Энэ үеэр олон залуус сайн дураараа уул өөд мацаж, ус зөөж түймрийг унтраахад оролцсон. Улаан галын дэргэд цуваа болж зогсоод ус зөөж буй залуусын зураг цахим орчинд тавигдаж, олон хүний сэтгэлийг хөдөлгөсөн юм. Мөн тэнд хэд8 хэдэн эмэгтэй, гадаадын иргэн ч байжээ. Бид сайн дураараа сайхан сэтгэл гарган түймрийг унтраахад оролцсон иргэдийн төлөөлөл Б.Алтангэрэлтэй ярилцлаа.

-Сайн байна уу, юуны өмнө гал унтраахад оролцсонд тань талархаж байна. Бидэнд өөрийгөө танилцуулаач?

-Сайн, сайн байна уу. Намайг Алтангэрэл гэдэг. 30 настай. Хөдөө аж ахуйн чиглэлээр ажилладаг. Эхнэр8 хүүхдийн хамт амьдардаг.

-Анх түймэр гарч байгааг яаж мэдсэн бэ?

-Би хотоос зайдуу ажилладаг юм. Түймэр гарч байгаа талаар хүмүүс ярьж байхыг сонссон ч ажилдаа сатаараад нэг их тоогоогүй. Тэгээд ажлаа дуусаад нисэхийн морингийн даваа даваад ирсэн чинь их түймэр гарч байгааг хараад хоёр найзтайгаа ус, хүрз аваад явсан.

-Таныг очиход ямар дүр зураг угтсан бэ?

-Бид 16 цагийн үед очсон. Түймэр гараад нэлээн удчихсан. Олон хүмүүс сайн дураараа ирээд уулын орой руу ус зөөж байсан. Онцгой байдлынхан ирчихсэн ажиллаж байсан. Очсон даруйдаа залуусын эгнээнд ороод ус зөөж, эхлээд уулын орой хэсгийн галыг унтраасан. Хүмүүс нэмэгдэж ирээд шахагдаж явсаар бараг орой  дээр нь гарчихсан байсан. Дээр нь гарчихаад илүү гарсан усаа буцааж доош нь зөөсөн. Утаа униар бол ярилтгүй их, зураг дээрээс харж байгаа байх.

-Тэнд ойролцоогоор хэдэн залуус сайн дураараа тусалж байв?

-Намайг ирэхэд хүмүүс буцаж ч байсан, араас нэмэгдэж ч залуус ирж байсан. Машины группуудын  олон залуус байсан. Сүүлд 23 цагийн үед гал командынхан галыг хяналтандаа авсан, энгийн иргэд харанхуйд аюултай учир явахыг хүсэж талархлаа илэрхийлсэн. Тэр үед хэлэхдээ 1000 гаруй хүн ирлээ гэж хэлсэн.

-Улаан гараараа түймэр унтраахад ямар байсан бэ?

-Түймэр гэдэг их аюултай зүйл. Гол нь зөвхөн усаар л унтраах боломжтой. Газар доогуур үндсээрээ шатаад явчихдаг юм билээ. Тэгэхээр хүрзээр ухаад ус байхгүй бол нэмэргүй, харж зогсоод таарах юм билээ. Тийм болохоор зарим нэг пүүзтэй ирсэн хүмүүсийн ул хайлж байсан. Би өөрөө яармагийн хүүхэд. Миний тоглодог уул шатаж байсан болохоор хамгийн түрүүнд галыг унтраачих, цааш нь оруулчихгүй л юмсан гэж бодсон. Мөн тэнд ирсэн олон залуугаар бахархах сэтгэл төрсөн. Манай залуус үнэхээр мундаг байна лээ. Өөрсдөө зохион байгуулалтад ороод л сайн ажилласан.

-Зарим нэг хүмүүс иргэдээрээ түймэр унтраалгалаа гэж төрийг шүүмжилж байсан, сайн дурынхан очоогүй бол байдал хэрхэх байсан бол?

-Онцгой байдлынхан маань үнэхээр хэцүү ажил хийдэг гэдгийг биеээрээ мэдэрсэн гэж хэлж болно. Би өөрөө усалгаатай газар тариалангийн чиглэлээр ажил хийдэг учраас усыг хэрхэн хэрэгцээтэй талбайд хүргэх талаар бодож явдаг. Тухайн үед мэргэжлийн техник хангамж хомс санагдсан. Мотор шаланк ашиглаад ч юм уу усаа алдагдал багатай дээш нь хүргэж болохгүй юм байх даа гэж бодсон. Хүмүүс очоогүй бол онцгойн аврагчид усаа дээш нь зөөхөд хүндрэлтэй байх байсан болов уу.

-Түймэр унтраагаад гэртээ очиход гэрийнхэн нь яаж хүлээж авсан бэ?

-Гэрийнхэндээ санааг нь зовоочихно гээд хэлээгүй явсан юм. Эхлээд хүүхдээ авах гээд Яармаг дахь аав, ээж дээрээ очсон. Тэгээд гэртээ ороход эхнэр шууд үнэрээр нь мэдээд хүрээд ирсэн. Зураг аваад сошиолд тавьчихсан байсан нь их хүнд хүрсэн байна лээ.

-Гэртээ ирэхэд танд юу бодогдсон бэ?

-Уг нь орой нь ирээд хэдэн зүйл бодоод фейсбүүктээ бичсэн л дээ. Эхнэрийн пост их хандалт авахаар нь зөвхөн өөртөө харагддаг болгоод өөрчилчихсөн. Сайн дураараа л тусалсан болохоос нэг их сүртэй зүйл хийсэн хүн шиг харагдахыг хүсээгүй. Хүмүүс хувцсаа шатааж байгаад гал алдсаныг сонсоод их харамссан. Хүмүүс дор бүрнээ хариуцлагатай байгаасай гэж хүсэж байна.