Монгол хэл бичгийн улсын 55 дахь удаагийн олимпиад өнөөдөр Монгол Улсын Боловсролын Их Сургуульд нээлтээ хийлээ.
Энэ жилийн олимпиад “мэргэжлийн багш”, “12 дугаар ангийн сурагч”, “анги нийт” гэсэн уламжлалт ангиллаар зохион байгуулагдаж байгаа бөгөөд оролцогчдын хүсэлтээр “9 дүгээр ангийн сурагч” гэсэн шинэ төрөл нэмэгджээ. Өнөөдөр 9 болон 12 дугаар ангийн сурагчдын ангиллын уралдаан явагдаж байгаа бөгөөд нийслэл болон орон нутгаас шалгарсан 12 дугаар ангийн 34 сурагч, 9 дүгээр ангийн 34 сурагч нийт 68 сурагч оролцож байна. Маргааш олимпиад монгол хэл, уран зохиолын багш нарын ангиллаар үргэлжлэх бөгөөд 3000 гаруй багшаас шалгарсан 32 багш мэдлэг, ур чадвараараа өрсөлдөх юм. 2025–2026 оны хичээлийн жилд сургуулийн түвшний олимпиадад 2276 бүлгийн 49,891 сурагч, орон нутгийн шатанд 650 сургуулийн 395 бүлгийн 17,447 сурагч оролцсон байна. Эдгээрээс шалгарсан 32 бүлгийн 1000 гаруй сурагч “анги нийт” төрлөөр өрсөлдөж байгаа аж. Олимпиад үргэлжилж, шилдэг сурагчид болон багш нарыг тодруулах юм.