Өнөөдөр Дэлхийн аз жаргалын өдөр тохиож байна. Уг өдрийг НҮБ 2012 онд тунхагласан бөгөөд жил бүр дэлхийн аз жаргалын индексийг танилцуулдаг уламжлалтай.
Аз жаргалын индексийг иргэдийн амьдралдаа өгсөн үнэлгээнд тулгуурлан тооцдог бөгөөд нэг хүнд ногдох ДНБ, нийгмийн дэмжлэг, эрүүл наслалт, сонголт хийх эрх чөлөө, тэгш бус байдал зэрэг олон хүчин зүйлсийг хамруулдаг. 2025 оны байдлаар Монгол Улс 5.9 оноо авч, дэлхийд 75-д жагссан байна.
Мөн Зүүн Ази, Номхон далайн бүсэд 12-т бичигдэж, 2012 оноос хойш аз жаргалын индекс 1.1 оноогоор өссөн үзүүлэлттэй гарчээ. Сүүлийн жилүүдэд нийгмийн дэмжлэг хамгийн их сайжирч, дэлхийд 5-д эрэмбэлэгдсэн байна. Үүнээс гадна эрүүл наслалт, нэг хүнд ногдох ДНБ-ын үзүүлэлтүүд ч ахицтай гарч, сайн дурын оролцоогоор дэлхийд эхний 10-т багтжээ. Тэгш бус байдал 42 байр ухарч, сонголт хийх эрх чөлөө 116-р байр хүртэл буурсан бол танихгүй хүнд туслах хандлага 119-р байранд оржээ. Энэ нь нийгмийн итгэлцэл, харилцан туслалцах соёл сулрах хандлагатай байгааг илтгэж байна.
Д.АНАР