Монгол гэр шатсан дөрвөн тохиолдол өнгөрсөн хоногт бүртгэгдэж, хоёр иргэн түлэгджээ

Монгол гэр шатсан дөрвөн тохиолдол өнгөрсөн хоногт бүртгэгдэж, хоёр иргэн түлэгджээ

Улсын хэмжээнд өнгөрсөн 24 цагийн хугацаанд монгол гэр шатсан дөрвөн удаагийн дуудлага Онцгой байдлын байгууллагад бүртгэгдэж, хоёр иргэн түлэгдэн эмнэлгийн байгууллагад хүргэгджээ.

Тодруулбал, Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Жаргалант багийн “Тохойн бууц” хэмээх газарт гарсан байна. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид 22:32 цагт дуудлагын дагуу очиход иргэн А-гийн эзэмшлийн дөрвөн ханатай гэр шатаж байсныг унтраасан байна. Уг гал түймрийн улмаас 67 настай эмэгтэй 90 хувийн түлэгдэл авч, 31 настай эрэгтэй хоёр гарын сарвууны 20 хувийн түлэгдэлтэй болсон тул аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвд хүргэгджээ.

Мөн Дорноговь аймгийн Айраг сумын “Цагаандөрвөлж” дөрөвдүгээр багт 03 дугаар сарын 20-ны өдрийн 04:50 цагт гарсан гал түймрийн дуудлагын дагуу ажиллахад иргэн О-гийн эзэмшлийн дөрвөн ханатай гэр шатаж байсныг унтраасан байна.

Түүнчлэн нийслэлийн Налайх дүүргийн 3 дугаар хороонд 03 дугаар сарын 20-ны өдрийн 04:32 цагт гарсан гал түймрийн дуудлагаар алба хаагчид очиход иргэн Ц-гийн эзэмшлийн зургаан ханатай гэр шатаж байсныг унтраажээ.

Мөн нийслэлийн Хан-Уул дүүргийн 10 дугаар хороонд 09:56 цагт ирсэн дуудлагын дагуу ажиллахад иргэн Л-гийн эзэмшлийн таван ханатай гэр шатаж байсныг тус тус унтраасан байна. Иймд онцгой байдлын байгууллагаас иргэдийг галын аюулгүй байдлаа хангаж, зуух, яндангийн бүрэн бүтэн байдлыг тогтмол шалгахыг анхаарууллаа.




Өнөөдөр могой өдөр

3 цагийн өмнө