АНУ-ын Төрийн департамент Монгол Улсыг “визийн бонд” хөтөлбөрт хамруулах шийдвэр гаргасан талаар Монгол Улс дахь Америкийн нэгдсэн улсын элчин сайдын яамнаас мэдээлсэн.
Тодруулбал, 2026 оны дөрөвдүгээр сарын 2-ны өдрөөс эхлэн АНУ-ын B1/B2 ангиллын виз мэдүүлэгч Монгол Улсын иргэдээс тодорхой нөхцөлд барьцаа шаардах боломж бүрдэж байна. Уг барьцааны хэмжээ нь 15,000 ам.доллар хүртэл байж болох бөгөөд визийн ярилцлагын үеэр консул тухайн иргэний нөхцөл байдлыг үнэлэн шийдвэр гаргах юм. Барьцаа бүрэн байршсан тохиолдолд виз олгох шийдвэр эцэслэн гарна. Мөн АНУ-ын тал визийн бодлоготой холбоотой бусад зохицуулалтад өөрчлөлт оруулсан байна. Үүнд, цагаачлалын виз мэдүүлгийн хүрээнд тодорхой улс орнуудыг “нийгмийн халамжид өндөр ачаалал үүсгэх эрсдэлтэй” ангилалд хамруулж, зарим төрлийн виз олголтыг түр хугацаанд хязгаарлах арга хэмжээ авч эхэлжээ.
Тэгвэл Япон Улс ч визний хураамжаа нэмэгдүүлж байгаа. Тодруулбал, аяллын визний хураамжийг дөрөвдүгээр сарын 1-нээс эхлэн дөрөв дахин нэмэгдүүлэхээр төлөвлөж байж магадгүй байна.
Түүнчлэн тус улсын хэвлэлүүдэд мэдээлснээр, Япон Улс гадаадын иргэдийн оршин суух визний хураамжийг барууны орнуудтай харьцуулахуйц хэмжээнд хүртэл нэмэгдүүлэхээр төлөвлөж байгаа бөгөөд цагаачлалын хяналт болон дүрвэгсдийг хүлээн зөвшөөрөх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг энэ жил өргөн барина гэжээ. Энэхүү төлөвлөсөн шинэчлэлийн хүрээнд байнгын оршин суух визний үнэ 10,000 иен (63 ам.доллар)-аас 100,000 иен (639 ам.доллар) болж өсөх бол нэг жил ба түүнээс дээш хугацаагаар оршин суух статусаа шинэчлэх бол одоогийн 6,000 иенээс 40,000 иен болж өсөхөөр байгаа аж.
Харин БНХАУ-аас Монгол Улсад суугаа бүрэн эрхт Элчин сайд Шэнь Миньжуань “Монголын тал Хятадын иргэдэд визгүй зорчих боломжийг олгож, Монголд ирж аялахад илүү хялбар болох нөхцөлийг бүрдүүлнэ гэж найдаж байна” гэх зүйлийг ярьсан. Энэ нь Хятад иргэдийг визгүй болгох эсвэл монгол иргэдийг визтэй болгох асуудлыг хөндөж байна хэмээн үзэж байгаа юм. Ийнхүү монгол иргэдийн ихээхэн зорчдог Хятад, Япон, АНУ зэрэг улс орнууд виз олгох журмаа чангатаж, хураамжаа нэмж эхлээд байгаа нь манай улсын иргэдэд хүндрэл учруулж болзошгүй байгаа. Харин Гадаад харилцааны яамнаас визний хураамжийг дахин авч үзэх талаар ярилцаж байгаа гэсэн мэдээллийг өгөөд байгаа билээ.