Улаанбаатар хот дөрвөн уулын дунд, Туул, Сэлбэ, Улиастай голын эрэг дээр байрладаг. Улаанбаатар хотод 2000 гаруй өрх үерийн аман дээр амьдардаг. Улаанбаатар хотод гол дээр барьсан барилгууд ч бий. Товчхондоо, Улаанбаатар хот “живж байна”.
ВИДЕО:
Нийслэлийн онцгой байдлын газраас 2023 онд Улаанбаатар хотын үерийн гамшгийн эрсдлийн ерөнхий үнэлгээг гаргасан. Ингэхэд хотын үерийн хэмжээ буурахгүй, харин ч дараагийн 10 жилд огцом өсөлттэй байна гэсэн дүгнэлт гарсан юм. Тэгвэл хотыг үерт автахаас сэргийлэх хамгийн чухал алхам бол үерийн далан, сувгийн системийг стандартын дагуу байгуулах. Мөн хотын дундуур урсаж буй, хоёр гол үерлэж, халихаас сэргийлэх явдал юм.
Эргэн сануулахад, 2023 оны долоодугаар сард нийслэлд олон хоног үргэлжлэн орсон аадар борооны улмаас Сэлбэ голын далан сэтэрч, Дунд гол үерлэж, Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Баянзүрх дүүргийн 43 дугаар хорооны нутаг дэвсгэр байрлах 61 блок барилгын B1 давхар усанд автсан. Үүний дараа нийслэлийн удирдлагууд яаралтай шийдвэр гаргаж Дунд голын эхэнд байрлах S’Outlet дэлгүүрийн барилгыг нураан Натурын гүүр хүртэл 1,4 км урт 4.1-6.1 метр өндөр бетонон түшиц хана барих ажлыг эхлүүлсэн байдаг.

-ДУНД ГОЛЫН ЭХЭЭС НАТУРЫН ГҮҮР ХҮРТЭЛ 1,4 КМ ҮРГЭЛЖЛЭХ ДАЛАНГИЙН АЖИЛ ДУУССАН Ч БУСАД ЗАМ, НОГООН БАЙГУУЛАМЖ “ОР СУРАГГҮЙ”, ГОЛ ОВООЛСОН ШОРООН ДУНДУУР УРСАЖ БАЙНА-
Үерийн түшиц хана барих болон урсац тохируулгын ажлыг нийслэлийн төсвийн 20 тэрбум төгрөгөөр “Билгүүн консракшн” ХХК 2024 оны зургаадугаар сарын 20-ны өдрөөс 2025 оны наймдугаар сарын 20-ны хугацаанд хийж гүйцэтгэсэн. Харин явган хүний болон дугуйн зам, ногоон байгууламж, гэрэлтүүлэг зэрэг тохижилтын ажлыг хариуцах “Силла групп” өнгөрсөн оны есдүгээр сард ажлаа хүлээн авсан бөгөөд энэ оны зургаадугаар сард дуусах төлөвлөгөөтэй юм.
Тус төслийн удирдагч Х.Халиун “гуравдугаар сард дулаан эхлэхээр үргэлжлүүлнэ” хэмээн мэдэгдсэн ч газар дээр нь очиход бүтээн байгуулалтын ажил явагдаагүй, Сэлбэ гол овоолсон шороон дундуур чадан ядан урсаж буй дүр зураг биднийг угтлаа.
Бургасгүй, ногоон байгууламжгүй гол өндөр бетонон хашлаганы голд овоолсон шороон дунд “шоржигнож” байгааг харахад нүд халтирмаар. Бид Дунд голоос шинэ даланг даган сул хайрга, хогон дундуур алхсаар Натурын гүүр хүрэхэд явган замын тохижилтыг дөнгөж эхлүүлээд, замын бетон хавтанг давхарлаж өрөөд орхичихсон байв. Энд ямар ч харуул хамгаалалт, хариуцах эзэн байсангүй. Хариуцаж буй хүн нь гэвэл голын эрэг дээр хашхиралдах согтуучууд л байлаа.

-СЭЛБЭ, ДУНД ГОЛ ХОТЫН ЭКОСИСТЕМИЙН ҮҮРГЭЭ УМАРТАЖ, “АВТОМАШИНЫ ЗОГСООЛ” ГЭСЭН ШИНЭ “АЛБАН ТУШААЛТАЙ” БОЛЖЭЭ -
Биднийг гонсойлгосон дүр зураг үүгээр зогссонгүй. Натурын гүүрний хойд хэсгээс наашлах Сэлбэ голын шороон далан “хотын экосистем”-ийн үүргээ аль хэдийн умартсан төдийгүй дараагийн “албан тушаал” болох автомашины зогсоолын үүргээ хүлээж аваад багагүй хугацааг өнгөрөөгөөд байгаа юм байна.
Тодруулбал, Сэлбэ голын шороон даланг дагуулан хэд хэдэн машин зогсож байхтай таарлаа. Ойр орчмын оршин суугчдын ярьж буйгаар, далан барих ажил эхэлснээс хойш энд машинууд зогсож эхэлсэн гэлээ.

Ташрамд дурдахад, 2024 оны зун нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар Сэлбэ, Дунд гол дагуух аж ахуйн нэгжүүдтэй уулзаж, бургас мод, лаг шаврыг цэвэрлэхээр шийдсэн байдаг. Ийнхүү зургадугаар сарын 21-нд “Ривер вилла” хотхоныг барьсан “Эко констракшн” ХХК, “Их наяд” худалдааны төв, “Акуа гарден”, “АПУ” ХК, “Уран ган” төв зэрэг аж ахуйн нэгжийн удирдлагуудтай зөвшилцөн, Сэлбэ, Дунд гол дагуух лаг, хагшаас цэвэрлэх ажлыг эхлүүлсэн. Ингэхдээ далангаас дотогш 10м хэсэгт мод бургасыг үлдээж, голын голдирол хааж, урсацыг боомилсон 10 мянган мод бургасыг нүүлгэн шилжүүлжээ. Уг ажил дуусмагц дээр дурдсан төмөр бетонон хийцтэй үерийн даланг хийж гүйцэтгэх ажлыг эхлүүлсэн юм.