Сүүлийн үед шинэ төрлийн сэтгэцэд нөлөөлөхүйц (NPS) нэртэй хэдэн зуун төрлийн бодис дэлхий даяар бүртгэгдэж буйтай холбогдуулан өчигдөр /2026.03.18/ ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр УИХ-д Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлжээ.
Албан ёсны тоон мэдээллээс харахад 2017-2025 оны хооронд нийт 2100 хар тамхи, мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэг бүртгэгдэж, 2422 хүн холбогдсон нь энэ төрлийн зөрчил, гэмт хэрэг тасралтгүй өссөнийг илтгэнэ.Ийм төрлийн гэмт хэрэгт холбогдогсдын дийлэнх буюу 50.4 хувийг 18-25 насныхан, 35.8 хувийг 26-35 насныхан эзэлж байна. Мөн НҮБ-ын Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх албаны мэдээллээр жил бүр шинэ төрлийн сэтгэцэд нөлөөлөх бодис (NPS) нэртэй хэдэн зуун төрлийн бодис дэлхий даяар бүртгэгдэж буй аж. Эдгээр бодис нь манай улсад хуулиар зохицуулагдаагүй байх нь элбэг тул хууль эрх зүйн орчныг шинэчлэх шаардлага улам бүр нэмэгдэж байгаа юм.