А.Дагвадорж: Эрчим хүчний салбарын ажилчид ажил хаялт хийх хуулийн нөхцөл бүрдсэн

А.Дагвадорж: Эрчим хүчний салбарын ажилчид ажил хаялт хийх хуулийн нөхцөл бүрдсэн

 

Монголын эрчим хүч, геологи, уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбооноос өнөөдөр /2026.03.19/ цаг үеийн асуулаар мэдээлэл өглөө.

Энэ үеэр Эрчим хүчний салбар хариуцсан нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбат "Эрчим хүчний 2026–2027 оны хэлэлцээрийг өмнөх хэлэлцээрийн дагуу 2025 оны аравдугаар сард хийх байсан. Бид мэдэгдлээ Хөдөлмөрийн тухай хуулийн 31-р зүйлийн дагуу өгсөн боловч тодорхой шалтгааны улмаас хойшилсон. Хэлэлцээрийн явцад албан ёсны гурван, албан бус нэг уулзалт хийсэн. Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу хэлэлцээрт оролцсон талууд тохиролцоонд хүрч чадаагүй тохиолдолд хөдөлмөрийн сонирхлын маргаан үүсгэх боломжтой. Бид хөдөлмөрийн зуучлагчийн дэмжлэгтэйгээр маргаан үүсгэсэн. Бидний тавьж буй үндсэн шаардлага бол эрчим хүчний салбарт ажиллаж байгаа ажилтнуудын цалин хөлсийг 30 ба түүнээс дээш хувиар нэмэгдүүлэх, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тогтоох зэрэг нийт 12 заалт бүхий хэлэлцээрийг эхлүүлэх байсан. Гэвч одоог хүртэл тохиролцоонд хүрээгүй. Хөдөлмөрийн зуучлалын дэмжлэгтэйгээр яаманд хүргүүлсэн албан бичигт хариу ирүүлээгүй. Эрчим хүчний яамнаас үнэ тариф нэмэгдээгүй учраас цалин хөлсийг нэмэгдүүлэх боломжгүй гэдгийг удаа дараа илэрхийлсэн" гэлээ.

Монголын Эрчим хүч, геологи уул уурхайн үйлдвэрлэлийн эвлэлийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга А.Дагвадорж “2026 оны аравдугаар сарын 9-ний өдөр “Эрчим хүчний ажилтнаа сонсъё” зөвлөгөөн болсон. Уг зөвлөгөөний үеэр би Монгол Улсын Эрчим хүчний яамны улсын төсөв Соёлын яамны улсын төсвөөс хоёр дахин бага байна хэмээн харьцуулан мэдээлж байсан. Одоо Соёлын яамны улсын төсөв 510 тэрбум байгаа бол Эрчим хүчний яамны улсын төсөв 429.6 тэрбум болж дөхөж очсон байна.  Харин Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар иргэн бүр хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангагдах эрхтэй. Гэтэл эрчим хүчний ажилчдын 80 гаруй хувь нь хөдөлмөрийн хүнд, хортой нөхцөлд ажиллаж байна. Өөрөөр хэлбэл манай салбарын ажилчдын энэхүү эрх ноцтой зөрчигдөж байна. Мөн ижил хэмжээний хөдөлмөр эрхэлж байгаа бол адил цалин хөлс авах хэрэгтэй. Гэтэл  алслагдсан бүс нутагт ажиллаж байгаа эрчим хүчний ажилчид сард 1.5 сая төгрөгт ч хүрэхгүй цалин авч байна.  Тиймээс Эрчим хүчний салбарын ажилтны цалин хөлсийг 30 ба түүнээс дээш хувиар нэмэгдүүлж өгөөч ээ гэсэн шаардлагыг Засгийн газар болон Эрчим хүчний яаманд хүргүүлж байна. Тэгэхгүй бол ажил хаялт хийх хуулийн нөхцөл бүрдсэн байна гэдгийг анхааруулж байна.” хэмээлээ.