Парламентыг хүчгүйдүүлэх АН-ын тоглолт

Парламентыг хүчгүйдүүлэх АН-ын тоглолт

Улсын Их Хурлын чуулганы нээлт эхлэхтэй зэрэгцээд хаврын улс төр эхэллээ. Төрийн ордны хашааны гадна иргэд уриа, лоозон барин жагсахтай зэрэгцэн Ардчилсан намын бүлэг хуралдааны шийдвэрээ сэтгүүлчдэд танилцуулж гэнэтийн бэлэг барив. Тус намын дарга О.ЦогтгэрэлОлон намаас бүрдсэн парламентын дарга намын даргын албыг давхар хаших нь зохисгүй. Иймд Улсын Их Хурлын дарга Н.Учрал нь МАН-ын даргын албыг хавсран гүйцэтгэж байгаа учраас түүнийг УИХ-ын даргын албан тушаалаа өгөх хүртэл Ардчилсан намын бүлэг чуулганы хуралдаанд оролцохгүй” хэмээн мэдэгдэх нь тэр.

Улсын Их Хурал дахь АН-ын бүлгийн энэ шийдвэрт гайхсан эгдүүцсэн, дургүйцсэн шүүмжлэлүүд сошиалоор хөврөх. Бүр өөрийнх нь намын нөхөд хүртэлбүлэглэлийн эрх ашгийг хөндсөн захиалгат, явуургүй улс төр хийх ч гэж дээ хэмээн халаглан бичицгээх

Хаврын улс төрийг халаах дээрх “гэнэтийн бэлэг”-ээ Ардчилсан намын дарга парламентын үйл ажиллагааг тасалдуулах зорилгогүй гэж тодотгох ч чин үнэндээпарламентын хүчийг сулруулах далд зорилго өвөрлөсөн гэвэл зохилтой. Учир нь эдийн засгийн болзошгүй хүндрэл, түлш эрчим хүчний хангамж, ард иргэдийн орлогыг нэмэгдүүлэх, аж ахуйн нэгж, татвар төлөгчдийн хэвийн үйл ажиллагааг хангах татварын орчныг сайжруулах шийдлээ хүлээсэн асуудлууд шил шилээ даран хүлээсээр

Түмний нуруун дээрх ачааг хөнгөлөн, жинлэхээр парламент нь энэ чуулганаар буюу ирэх зуныг дундарталх хугацаанд татварын багц хууль, Эдийн засгийн эрх чөлөөний тухай, Зөвшөөрлийн тухай хууль, Банкны тухай хууль, Хувийн нэмэлт тэтгэврийн тухай, Эрүүл мэндийн даатгалын тухай, гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих, зээлийн хүүг бууруулахаар гаднын банкуудыг оруулж ирэх асуудлыг хэлэлцэх гээд урт жагсаалт гарган, төлөвлөсөн гэх. Гэтэл Монгол дахь улс төрийн томоохон нам, парламент дахь улс төрийн сөрөг хүчин нь иргэдийн өдөр тутмын гол нэрийн бараа, бүтээгдэхүүний өсөлтөөс иргэдээ хамгаалах,инфляцыг хэрхэн буулгах тухайд  бус эрх мэдлийн бялуунаас хувь хүртэх горьдлого тээн, ангийн даргынхаа сандал суудлыг сэгсчин хаврын улс төрөө эхлүүлж буй нь харамсалтай. Нэг биеэ умартан нийт монголчуудын аж төрлийг эмхлэн, цэгцэлж би чадна хэмээн төр барих эрхийг нь шилжүүлэн, хурааж хуримтлуулсаар иргэдийн итгэлийг дэвсэн монгол төрийн өндөр босгыг алхаж, Улсын Их Хурлын гишүүн хэмээх халдашгүй дархлагдсан нэгэн болсон улс төрчид парламентын танхимд эрх мэдлийн төлөө “үймээн” өрнүүлж байх зуур монголчууд аж төрсөөр л байна.

Хамгийн харамсалтай явдал нь О.Цогтгэрэл тэргүүтэй Улсын Их Хурал дахь АН-ын бүлгийн шийдвэр, эсхүл Ардчилсан намын улс төр нь Улсын Их Хурлын хуралдаануудын ирцийг “бойкотолж”, иргэдийн хүсэн хүлээж буй хуулийн төслүүд хэлэлцэгдэхгүй хойшлох, улмаар иргэд үүнээс нь үүдсэн үр дагаварыг өнөөдрийнхөө ачаатай нийлүүлэн үүрсээр хүүхдийн баяр, Улсын наадам, хичээлийн шинэ жил гээд өртөөлөх нь. Парламентад хүчтэйхэн сөрөг хүчин байгаарай хэмээсэн иргэдийн итгэлийг АН-ынхан эрх мэдлийн бялуунаас хуваалцах барьцаа болгон тоглох нь гунигтай. Энэ бүхэн эргээд улс төрийн халуурлын төв болж буй парламентын засаглалд итгэх иргэдийн итгэлийг сулруулах нь дамжиггүй. Улсын Их Хурал дахь АН-ын бүлгийн шийдвэр нь өнөө, маргаашдаа аль нэгнамын, хэн нэгэн даргыг муухай харагдуулаад өнгөрөх бус харин парламентын ажлыг цалгардуулж, монгол түмний аж амьдралыг гацааж, гундаах нь баараггүй юм.

Үндсэн хуулийн Хорьдугаар зүйлд “Монгол Улсын Их Хурал бол төрийн эрх барих дээд байгууллага мөн бөгөөд хууль тогтоох эрх мэдлийг гагцхүү Улсын Их Хуралд хадгална” гэж заасан байдаг. Монголын парламент 36 жилийнхээ түүхэнд баталсан Монгол Улсын хуулиудад АН-ынхны шалтаглаж буй “… улстөрийн сонгуульд ялсан намын дарга парламентын толгойлж болохгүй …” гэсэн өгүүлбэр ч байхгүй, агуулга ч байхгүй. Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 10.1-д Сонгуулийн дүнгээр Улсын Их Хуралд 64 ба түүнээс дээш суудал авсан нам, эвслийг Улсын Их Хурал дахь олонх гэнэ гэх бөгөөд Улсын Их Хурлын даргыг сонгох 11.1-д Энэ хуулийн 10.1-д заасан нам, эвсэл Улсын Их Хурлын даргад нэр дэвшүүлнэ гэж заасан нь бий. Үүнээс өөрөөр тухайн сонгуульд ялсан улс төрийн нам, эвслүүд парламентынхаа ангийн даргаа сонгох тухай хуулийн заалт байхгүй.

Уг нь тоглоомын дүрэм ийм энгийн. Ялсан нам хөгжмөө захиална. Энэ л жишгээр үе үеийн парламентууд спикерээ, Ерөнхий сайдаа сонгож ирсэн байдаг. 2025 оны арван нэгдүгээр сарын 20-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар Улсын Их Хурлын даргаар Н.Учралыг сонгох санал хураалтын дүн ч тоглоомын дүрмээр шийдэгдсэн. Парламентын үйл ажиллагааг гацаанаас гаргаж, иргэдийн аж төрлийг энгийн, хэвийн үргэлжлүүлэхээр хуралдаандаа оролцсон 97 гишүүний 80 нь дэмжсэн юм. Энд Улсын Их Хурал дахь АН-ын бүлгийн гишүүд ч байв. Тэд ч бас сонгогчдынхоо төлөө кноп дарсан нь лавтай. Бодит баримтыг түүхээс нь шигшин үзвэл, 2012-2016 оны зургаа дахь парламентад  АН 31 суудал авч намынхаа дарга З.Энхболдоо,  2016-2020 оны долоо дахь парламентад МАН 65 суудал авч намын дарга М.Энхболдоо спикерээр сонгож байв. Тэр өдрүүдэд ч тоглоомын дүрэм өнөөдрийнхөөрөө л байсан. Гэсэн хэдий ч улстөрийн ямар ч сөрөг хүчин, эвсэл өнөөдрийн АН-ын бүлгийнхэн шиг дуулиантайгаар танхимын даргыг “шантаажилж”, парламентын үйл ажиллагаанд хөндөлсөж, иргэдийнхээ аж төрлийг гаргуунд нь гаргажбайгаагүй.

Монгол Улсын Их Хурлын 2024 оны сонгуульд 19 нам, хоёр эвслээс сонгуулийн тойрогт 927, жагсаалтаар 372, бие дааж 42 нэр дэвшигч бүртгүүлэн өрсөлдсөнөөс Монгол Ардын намаас сонгуулийн тойрогт 50, намын жагсаалтаар 18, нийт 68 суудал авч, ес дэх парламентад олонх болсон. Тиймээс парламентад олонх болсон тэд гүйцэтгэх засаглалаа хэнээр тэргүүлүүлж, хууль тогтоох байгууллагаа хэнээр удирдуулах нь өнөөх тоглоомын дүрмээрээ явсан хэрэг. Ард түмэн тэдэнд хөгжим захиалах эрх өгсөн бөгөөд эргээд дараагийн сонгуулиар дүнгээ тавих ийм л хариуцлагын тогтолцоотой.

Ард түмэнд спикер хэн болох нь огтын ч хамаатай зүйл биш.  Харин тэд үе үеийн парламентаас цаасан дээр өсөөд байгаа эдийн засгийн тоо, статистик үзүүлэлтүүд амьдралд нь мэдрэгдэж, цалин, орлого, тэтгэвэр нь амьжиргаанд нь элбэг хүрэлцдэг байх, төрөөс үзүүлэх үйлчилгээ хүнд сурталгүй, түргэн шуурхай хүртээмжтэй авах эрх зүйн орчныг бүрдүүлэх, амьдралд хэрэгжих боломжтой хууль тогтоолууд батлахыг л хүссээр ирсэн.Парламент амьдралд хэрэгжих, ард түмний хэрэгцээ,шаардлагыг хангах хууль тогтоолыг батлахаар ажиллах хэрэгтэй байна.