УИХ-ын гишүүн Ж.Баярмаа, Д.Ганбат нар өнгөрсөн есдүгээр сарын 25-ны өдрөөс "Төмөр замын хил холболтын гэрээг хянан шалгах түр хороо байгуулах тогтоолын төсөл"-д гишүүдийн гарын үсгийг цуглуулж эхэлсэн бөгөөд хуулийн дагуу 40 гишүүн дэмжиж гарын үсэг зурсан.
Тодруулбал, тэд тус хороог байгуулж, өнгөрсөн хоёрдугаар сарын 17-ны өдөр БНХАУ-ын Харбин хотод байгуулсан “Гашуунсухайт-Ганцмодны боомтын хил холболтын төмөр замын гэрээ”-г шалгана гэж буй. Уг тогтоолын төслийг Эдийн засгийн байнгын хороо 2025 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн хуралдаанаараа хэлэлцсэн бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 64.7 хувь нь Хянан шалгах түр хорооны тусгай шалгалтын сэдэв, хүрээ хязгаар нь Үндсэн хуульд нийцсэн гэж үзэж, тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхийг дэмжсэн. Харин 2025 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн чуулганы хуралдаанаар тус асуудлыг хэлэлцээд санал хураалт явуулалгүйгээр хуралдааныг завсарлуулсан юм. Тэгэхээр уг асуудлыг энэ хаврын чуулганаар үргэлжлүүлэн хэлэлцэж, түр хороог байгуулах эсэхээр эцсийн дүгнэлтийг гаргана.
Тэгвэл тогтоолын төслийг санаачлагч УИХ-ын гишүүн Ж.Баярмаа эл асуудлаар “ УИХ энэ долоо хоногт Харбины гэрээг хянан шалгах түр хороо байгуулах эсэхийг хэлэлцэж, санал хураалтаар шийдвэрлэнэ” гэжээ.
Харбины гэрээний гол нөхцлийг эхэлж тохирох үед “Биржийн үнээр нүүрс худалдан авахад бэлэн байна, гагцхүү 5-хан хувийг хямдруулаачээ” гэж БНХАУ-ын тал хүссэн гэх мэдээлэл байдаг. Түүнийг нь Монголын тал хүлээн зөвшөөрч, биржийн үнэ 100 ам.доллар байхад 95 ам.доллараар нүүрсээ зарах боломжтой байсныг 16 жилийн туршид 50 ам.доллараар зарахаар болгож бууруулсныг шалгаж, тодорхой болгох шаардлагатай гэж тогтоолын төслийг санаачлагчид хэлж байгаа юм.
Д.АНАР