Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн өчигдөр /2026.03.17/ хуралдаж, Хан-Уул дүүргийн 22 дугаар хороо, Зайсангийн аманд байрлах “Богд уул” сувиллын барилгыг засварлаж, хоёр чиглэлийн сувилал байгуулах асуудлыг хэлэлцлээ.
Хотын дарга Х.Нямбаатар энэ талаар “Өмнө нь “Элэгний” хэмээн алдаршсан Ж.Хатанбаатар нартай холбоотойгоор ашиглаж байсан “Богд уул” сувилал буюу хуучнаар сүрьеэгийн больницийн барилгыг нийслэлийн өмчид буцаан авч, засварлан хоёр төрлийн сувилал байгуулахаар төлөвлөж байна. Сүүлийн жилүүдэд зөнөгрөл буюу ой санамжийн доройтол айл өрхүүдэд тулгамдсан асуудал болж, асаргаа шаардлагатай иргэд нэмэгдэж байна. Иймээс зөнөгрөх өвчтэй иргэдийг асрах тусгай сувилал байгуулах нь нийгмийн чухал хэрэгцээг хангана. Мөн эх, нярайн сэргээн засах, асаргааны төвийг давхар байгуулахаар төлөвлөсөн” хэмээн мэдэгдэв.
Төсвийн хувьд, эх, нярайн сэргээн засах төвийн барилгыг 2026-2028 онд хоёр жилийн хугацаанд 16.8 тэрбум төгрөгөөр барих бол “Богд уул” сувиллын барилгад хийх их засварыг нэг жилийн хугацаанд 2.8 тэрбум төгрөгөөр гүйцэтгэхээр нийслэлийн төсөвт тусгажээ. Ингэснээр нийт 19.6 тэрбум төгрөгөөр хоёр сувилал байгуулах юм.
Өмнө нь Нийслэлийн өмч хувьчлах комисс “Уламжлалт анагаах ухааны Элэг судлалын клиник төв”-д менежментийн гэрээгээр ашиглуулж байсан шийдвэрийг хүчингүй болгож, уг сувиллыг нийслэлийн өмчид буцаан авсан байна. 1959 онд ашиглалтад орсон, 3.9 га талбай бүхий тус барилгыг ийнхүү шинэчлэн ашигласнаар нийслэлийн эрүүл мэнд, нийгмийн хамгааллын үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэхээр төлөвлөж байна.