ДАВАН ТУУЛАГЧ ХҮҮГИЙН ЭЭЖ: 13 наснаасаа хар тамхи татсан хүү минь байнгын айдас, түгшүүртэй, хий юм хардаг болсон

ДАВАН ТУУЛАГЧ ХҮҮГИЙН ЭЭЖ: 13 наснаасаа хар тамхи татсан хүү минь байнгын айдас, түгшүүртэй, хий юм хардаг болсон

Гуравхан сая гаруй хүн амтай манай улсын хувьд хар тамхины хэрэглээ Үндэсний аюулгүй байдлын хэмжээнд хүрсэн гэдгийг салбарын сайдаас эхлээд албаныхан хүлээн зөвшөөрөөд байна. Тэр дундаа хар тамхи хэрэглэгчдийн нас улам залуужиж байгаа нь нийгмийн хамгийн эмзэг, сэтгэл түгшээсэн асуудлуудын нэг болоод буй. Мөн мансууруулах бодис хэрэглэсэн үедээ үйлдсэн гэмт хэрэг цөөнгүй бүртгэгдсээр байна.

Иймээс энэ төрлийн хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох, шийтгэлийн бодлогыг чангатгах, мөн донтолтоос ангижрахыг зорьж буй иргэдэд зориулсан тусгай сэргээн засах эмнэлэг байгуулах шаардлагатай гэсэн бодлогыг манай улс баримталж байгаа юм. Тэгвэл амьдралынхаа арав гаруй жилийг хар тамхитай тэмцэж өнгөрөөсөн нэгэн ээжийн бодит ярилцлагыг хүргэж байна.

ВИДЕО:

"ТӨРҮҮЛСЭН ХҮҮ МИНЬ ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЛЭЭР ЯЛ АВНА ГЭДЭГ АМАРГҮЙ ШҮҮ ДЭЭ"

– Гол асуудлаас яриагаа эхэлье. Та хүүгээ хар тамхи хэрэглэдэг гэдгийг нь анх хэзээ мэдсэн бэ?

– Би анх 2017 онд мэдсэн. Тэр үед хүү маань хар тамхитай холбоотой гэмт хэрэгт анх холбогдож, надад мэдэгдсэн гэсэн үг. Тэр үед хүү маань 15 настай байсан. Гэтэл тэр үед хүү маань хар тамхи хэрэглээд хэдийн хоёр жилийн хугацаа өнгөрчихсөн байсан. Мэдээж үүнээс хойш хуулийн хүрээнд хүлээх ёстой хариуцлагаа хүлээсэн. Одоогийн нөхцөл байдал маш хүнд байна. Удаа дараа эмнэлэгт хэвтүүлсэн. Гэхдээ бодит сайжрал бараг гараагүй л хэвээр байгаа.

– Анх яг ямар төрлийн бодис хэрэглэж эхэлсэн юм бол?

– Анх цагдаагийн байгууллагад шалгагдаж эхлэхдээ түгээмэл “өвс” гэх ургамалтай холбоотой хэргээр баригдсан байсан. Тэгээд шинжилгээ авахад олон төрлийн бодис илэрсэн. Тэр үед би үнэхээр их гайхсан. Яахаа ч мэдэхгүй, хүүхэдтэйгээ яаж ярилцахаа ойлгоогүй. Яг тэр үед зөв харилцаж чадаагүйдээ харамсдаг. Одоо бол ярилцаж, хамтдаа даван туулах гэж хичээж байна. Гэхдээ манай хүүхдийн хувьд донтолт нь их гүнзгий шатанд орчихсон. Тэр өөрөө ч тэмцэж л явна.

"ИНГЭЖ АМЬД ЯВАХ ЯМАР ХЭРЭГТЭЙ ЮМ ГЭЖ БОДОГДОХ ҮЕ БАЙСАН"

– Зарим хүмүүс “хайрлаж байсан хүн маань огт өөр хүн болсон юм шиг санагддаг” гэж ярьдаг. Танд тийм мэдрэмж төрж байсан уу?

– Одоо яг тийм байна. Манай хүүхэд их зөөлөн, сэргэлэн, дандаа инээдэг байсан. Харин одоо их ууртай, уцаартай, сэтгэл гутралтай болсон. Зан ааш нь их өөрчлөгдсөн. Бүр зэрлэг юм шиг болчихдог. Өвчин намдаах эм авахын тулд юу ч хийхээс буцахаа больдог. Зарим хүмүүс “арай ч тийм биш байх” гэж бодож магадгүй. Гэхдээ үнэн. Үүнийг зөвхөн ийм зүйлтэй нүүр тулж байгаа эцэг эхчүүд л ойлгоно. Үгээр хэлэхэд хэцүү. Зарим үед “ингэж амьд явах ямар хэрэгтэй юм” гэж хүртэл бодогдох үе байсан. Төрүүлсэн хүү минь гэр бүлийн хүчирхийллээр ял авна гэдэг амаргүй шүү дээ.

– Хэт өөрчлөгдөж, бүр айдас төрүүлэх хэмжээнд хүрдэг үү?

– Тийм. Заримдаа айдастай болдог. Юмнаас айж түгшдэг. Зарим үед бүр “цус хармаар байна” гэх мэт маш аймшигтай зүйл ярьдаг тохиолдлууд байна. Энэ нь бодисын нөлөөнөөс болдог юм байна лээ. Тархинд нь нөлөөлөөд хүнийг маш зэрлэг болгодог. Бодис бүр өөр өөр нөлөөтэй.

– “Шарталт” буюу хэрэглэсний маргааш хамгийн хэцүү байдаг гэж ярьдаг. Та юу хэлэх вэ?

– Үнэн. Маш хэцүү. Тэр үед нь харахаар бүр өрөвдөөд, “ингэж зовоохын оронд больё” гэж бодогдоно. Шарталт өгөхөөр тийчилж, тайван байж чаддаггүй. Химийн бодисын нөлөөгөөр их сонин болдог. Ялангуяа синтетик бодисууд бүр аймшигтай. Зарим нь бүр гацалт өгөөд “зомби” шиг болчихдог. Орж ирж байгаа бодис бүр өөр өөр, маш хүнд нөлөө үзүүлдэг.

"ХАР ТАМХИНЫ АРД ХҮНИЙ НАЙМАА, БИЕЭ ҮНЭЛЭЛТ, ХУЛГАЙ ЗЭРЭГ МАШ ОЛОН ГЭМТ ХЭРЭГ ДАГАЛДДАГ"

– Манай улсад тусгай сэргээн засах төв хэрэгтэй гэж ярьдаг. Та үүн дээр ямар бодолтой байна вэ?

– Би ч бас ингэж боддог. Эхэндээ бүр уурлаад “эд нарыг бүгдийг нь чангалж, хатуу шийтгэх хэрэгтэй” гэж боддог байсан. Гэхдээ ажиглахад, шоронд орсон хүүхдүүд буцаад гарахдаа илүү хүнд гэмт хэрэг сурчихсан байдаг. Тиймээс энэ бол өвчин гэж ойлгох хэрэгтэй. Архины донтолтыг эмчилдэг шигээ эмчлэх ёстой. Сэтгэл зүйч, эмчилгээ, нэгдсэн төв хэрэгтэй. Зарим улс оронд шүүхийн шийдвэрээр албадан эмчилгээнд явуулдаг систем байдаг. Хэд хэдэн шаттай эмчилгээ хийдэг, үр дүнгүй бол дараагийн арга хэмжээ авдаг. Гэхдээ хар тамхи зарж ашиг олдог хүмүүсийг тусад нь хатуу шийтгэх ёстой.

– “Зөвхөн баян айлын хүүхдүүд хэрэглэдэг” гэсэн ойлголт байдаг. Үнэндээ тийм үү?

– Үгүй. Янз бүр. Хямдхан бодис ч байна. Баян айлын хүүхдүүд нь илүү үнэтэйг хэрэглэдэг байх. Гэхдээ донтсон л бол мөнгөний ялгаа байхгүй. Хүүхдүүд энэ бодисоо олохын тулд хулгай хийнэ, охид нь биеэ үнэлнэ. Хамгийн аймшигтай нь хар тамхины ард хүний наймаа, биеэ үнэлэлт, хулгай дээрэм зэрэг маш олон гэмт хэрэг дагалддаг.

– “Нэг удаа туршаад үзэхэд зүгээр” гэсэн ойлголт байдаггүй гэдгийг л эмч, мэргэжилтэн, цагдаагийн байгууллага сануулдаг.

– Тийм зүйл огт байхгүй. “Нэг удаа” гэж байдаггүй. Ихэнх нь багаас эхэлдэг. Эхлээд хөнгөн зүйл туршина, дараа нь улам хүнд рүү орно. Донтолт гүнзгийрээд, эцэст нь тариа зэрэг хүнд хэлбэрт шилжинэ. Ялангуяа өсвөр насныхан “нэг удаа” гэдгийг даах чадваргүй. Тархи нь тийм зүйлд бэлэн биш. Тиймээс энэ бодисын урсгалыг л таслан зогсоох хэрэгтэй. Ард нь том сүлжээ байдаг. Тэр сүлжээг таслахгүй бол энэ асуудал шийдэгдэхэд маш хэцүү.

– Ярилцсанд баярлалаа.




Өнөөдөр туулай өдөр

2 цагийн өмнө