Нэг сард 5000 ам.долларын санхүүжилт авдаг Япон дахь Улаанбаатарын төлөөлөгч Ц.Сандуй Токио хотын гэртээ конторлох болжээ

Нэг сард 5000 ам.долларын санхүүжилт авдаг Япон дахь Улаанбаатарын төлөөлөгч Ц.Сандуй Токио хотын гэртээ конторлох болжээ

Улаанбаатар хот “улсын доторх улс” мэт бие даасан бүтэцтэй болсон жишээ цөөнгүй бий. Үүний нэг нь “Улаанбаатар хотын төлөөлөгч” гэх албан тушаал юм. Энэ албан тушаалыг хашиж буй хүмүүс ямар үүрэг гүйцэтгэдэг болон ямар шалгуураар сонгогдсон нь ч  тодорхойгүй. Тэр ч байтугай ийм албан тушаал байдаг талаар мэдэж байгаа хүн ч тун цөөхөн бий гэхэд хилсдэхгүй.

-НЗДТГ-ААС ОЧСОН ХҮМҮҮСТ ҮЙЛЧЛЭХ-

Одоогийн байдлаар Улаанбаатар хотын төлөөлөгчөөр Япон, ОХУ, Польш, БНСУ зэрэг улсад таван хүн ажиллаж байгаа бөгөөд тэднийг Д.Сумъяабазар хотын дарга байх үедээ томилж байжээ. Хотын дарга Х.Нямбаатар ажлаа авснаасаа хойш энэ орон тоог цомхотгоогүй бөгөөд нийслэлийн төсвөөс санхүүжилтийг нь үргэлжлүүлсээр байгаа юм. Эдгээр хүмүүсийн хийдэг ажил нь гэвэл Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас тухайн хотод очсон хүмүүсийг хүлээн авч, үйлчлэх.

Тэгвэл ийм ажил хийснийхээ төлөө хэдий хэмжээний цалин авдгыг сонирхон, НЗДТГ-ын шилэн дансны нээлттэй мэдээллээс үзвэл 2024 оны тав болон зургадугаар сард “Төлөөлөгчийн цалин болон бусад зардал” гэсэн утгатайгаар дараах санхүүжилт шилжсэн байдаг. Үүнд:

  • Токио хот дахь төлөөлөгч Ц.Сандуй – 17.2 сая төгрөг
  • Варшав хот дахь төлөөлөгч Э.Цэлмүүн – 17.2 сая төгрөг
  • Москва хот дахь төлөөлөгч М.Мөнхцэцэг – 15.5 сая төгрөг
  • Сөүл хот дахь төлөөлөгч Б.Хажидмаа – 13.2 сая төгрөг
  • Хотын даргын орлогч асан Д.Баянмөнх – 9.2 сая төгрөг

Үүнээс хойших санхүүжилтийн мэдээлэл шилэн дансанд бүрэн бүртгэгдээгүй ч төлөөлөгчид сар бүр хэдэн арван сая төгрөгийн санхүүжилт авч байгаа гэх мэдээлэл бий. Тодруулбал, МҮОХ-ны сонгууль гуравдугаар сарын 12-ны /2026.03.12/ өдөр болсон. Дээрх сонгуульд Токио хот дахь Улаанбаатар хотын төлөөлөгч Ц.Сандуй ирж оролцон, гүйцэтгэх зөвлөлийн гишүүнээр сонгогдсон юм. Энэ үеэр сэтгүүлчидийн асуултанд “Цалин болон орон сууц, оффисын зардалд нийслэлээс 5000 ам доллар авдаг” гэх хариултыг өгсөн юм.

ВИДЕО: 

- Ц.САНДУЙГИЙН ТҮРЭЭСЛЭДЭГ БАЙСАН ОФФИСЫН ОЙР ОРЧМЫН ЖИЖИГ ОФФИС 840 АМ.ДОЛЛАРЫН ҮНЭЛГЭЭТЭЙ-

Ц.Сандуйн Төлөөлөн удирдах захиралаар ажилладаг, Улаанбаатар хотын Токио дахь төлөөлөгчийн газар хаана байрладаг талаар судалж үзэхэд Японы эзэн хааны ордон байрладаг, тус хотын улс төр, захиргаа, бизнесийн гол төв болох Чиёода дүүргийн New Chiyoda Building-д оффис түрээслэж суудаг байжээ.

Тэгвэл Чиёода дүүргийн орчимд байрлах оффисуудын түрээсийн үнэ дунджаар хэд байдгийг судлах зорилгоор Японы оффисийн үл хөдлөх хөрөнгийн мэдээллийн Office Navi сайтаас ойр орчмын оффисуудын түрээсийн зарыг хайж үзлээ. Ингэхэд 34,7м2 хэмжээтэй жижиг оффисны сарын түрээсийн үнэ 131,250 иен буюу 840 орчим ам.долларын үнэлгээтэй байв.

Ц.Сандуйгийн түрээслэж байсан New Chiyoda Building оффис

Япон дахь эх сурвалжуудын мэдээлснээр, Ц.Сандуй одоо оффис түрээслэхээ больж, гэрээсээ ажиллаж байгаа гэнэ. Улаанбаатар хотын төлөөлөгч хэмээх “чухал” албан тушаалтны хийх гол ажил нь НЗДТГ-аас Япон улсад ирж буй албаны хүмүүсийг хүлээн авч үйлчлэх, мөн “фитнест явах”. Ийм ажилд магадгүй өндөр өртөгтэй оффис шаардлагагүй ч байж болох.

Түүнчлэн Ц.Сандуй ижил албан тушаал хашдаг төлөөлөгч нараасаа давуу эрх эдэлдэг бөгөөд, бусад улсад суугаа “Улаанбаатар хотын төлөөлөгч”-ийн гэр бүлийнхэн визийн асуудлаас шалтгаалан хамт амьдрах боломж хязгаарлагдмал байдаг бол Ц.Сандуй Японд гэр бүлийн хамт амьдардаг аж.

Ташрамд дурдахад, Нийслэлийн МАН-ын хорооны дарга асан, НИТХ-ын дарга асан Ц.Сандуй  өмнө нь төрийн эрх мэдлийг хууль бусаар авах хуйвалдаан зохион байгуулсан гэх “60 тэрбумын хэрэг”-т холбогдон шалгагдаж байсан. Ц.Сандуй болон түүний зөвлөх А.Ганбаатар нарт холбогдох уг хэргийг 2023 оны гуравдугаар сард бүхэлд нь сэргээн шалгаж эхэлсэн байдаг. Гэвч энэ үеэр тухайн үеийн хотын дарга Д.Сумъяабазар Ц.Сандуйг Япон дахь Улаанбаатар хотын төлөөлөгчөөр томилжээ. Ингэснээр Ц.Сандуйд тавьсан хилийн хориг цуцлагдаж, тэрбээр Япон, Монголын хооронд зорчих боломжтой болсон бол түүнтэй хамт шалгагдаж байсан А.Ганбаатарт тавьсан хилийн хориг тухайн үед хэвээр үлдсэн юм.

Монгол Улс дэлхийн 40 орчим улсад дипломат төлөөлөгчийн газартай. Энд дээр дурдсан дөрвөн улс ч багтаж байгаа юм. Гэтэл эдгээр улсад Монгол Улсын Элчин сайдын яам үйл ажиллагаа явуулсаар байхад Улаанбаатар хот тусдаа төлөөлөгч томилж, төсвөөс санхүүжүүлж байгаа нь олон нийтийн эгдүүцлийг төрүүлээд байна.




Өнөөдөр үхэр өдөр

41 минутын өмнө

Өнөөдөр хулгана өдөр

23 цагийн өмнө