"Туулын хурдны зам"-ын бүтээн байгуулалт өнөөдрөөс албан ёсоор эхэлж буйг Хотын дарга мэдэгдлээ

"Туулын хурдны зам"-ын бүтээн байгуулалт өнөөдрөөс албан ёсоор эхэлж буйг Хотын дарга мэдэгдлээ

Хотын дарга Х.Нямбаатар "Туулын хурдны зам"-ын бүтээн байгуулалт өнөөдөр /2026.03.15/ албан ёсоор эхэлж байгааг мэдэгдлээ.

Тэрбээр, " Туулын хурдны зам нь Баянзүрхийн товчоо, Улаанбаатар-Налайх чиглэлийн авто замаас баруун аймаг руу салдаг, Аюулгүйн тойрог хүртэл нийт 32 километр урт, зургаан эгнээ, долоон орц гарцтай байна. Замын бүтээн байгуулалтыг өнөөдөр эхэлж байна.  Энэ төсөл хэрэгжсэнээр хотын төвийн авто замын ачааллыг бууруулах, эдийн засгийн өсөлтийг дэмжих, иргэдийн цагийг хэмнэх, орчин үеийн стандарт бүхий авто замын сүлжээг хөгжүүлэхэд өндөр ач холбогдолтой. Түгжрэлийг 30 хувиар бууруулах томоохон төсөл" гэв.

Уг төслийн хүрээнд байнгын болон түр ашиглах дөрвөн кемп байгуулж байгаа талаар мөн мэдэгдээд буй. Өнөөдрийн байдлаар байнгын ашиглалтад байх хоёр кемпийн барилгын ажил 90 гаруй хувьтай үргэлжилж байна. Хурдны зам нь Налайхын замын Улиастайн буцаж эргэх хэсгээс эхлэн Дархан болон Эмээлтийн авто замын огтлолцох уулзвар хүртэл үргэлжилнэ. Үндсэн трасс дагуух түр замын ажлыг гуравдугаар сарын 7-ны өдрөөс эхлүүлсэн. Газар шорооны ажлын хүрээнд хөрс хуулалтын ажлыг гуравдугаар сарын 15-наас эхлүүлэх бөгөөд улаан шугамаа хүлээлцсэн. Мэдээлэл холбоо, цахилгаан, дулаан, цэвэр, бохир усны шугам сүлжээний ажлыг зураг төслийн хүрээнд зөвшилцөж, шийдлүүдээ боловсруулсан. Тавдугаар сарын 10-нд шугам сүлжээний ажлуудын нарийвчилсан зураг төсөл бүрэн дуусна. Үндсэн трассын зургийн ажлыг тавдугаар сарын 15-нд магадлалаар батлуулж дуусна.