УИХ-ын гишүүн Д.Энхтүвшинд Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлд заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт буруутган яллагдагчаар татах саналыг СБД-ийн Цагдаагийн газраас Нийслэлийн прокурорын газарт хүргүүлсэн байна.
Эргэн сануулахад, /2026.04.01/-ний өдөр Төрийн ордонд болсон үйл явдлын үеэр тэрбээр Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалайг хуралд оролцож байхад нь дуудаж гарган, түлхэж унагаасан үйлдэл нь хэвлэл мэдээллийн байгууллагуудын дүрс бичлэгт үлдсэн юм. Уг асуудлыг цагдаагийн байгууллага шалгаж, хүний биед хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэж үзжээ.
УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин уг үйлдлийнхээ дараа “Т.Даваадалай даргаас хүлцэл өчье. Хотыг төлөөлж буй удирдлагуудын хандлагаас үүдэн ёс зүйгүй үйлдэл гаргалаа” хэмээн уучлал хүссэн байдаг.
Хэрэв түүнийг гэм буруутайд тооцвол Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлд зааснаар 450-1350 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, 240-720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх, эсвэл 1-3 сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оноох боломжтой юм. Харин хүндрүүлэх нөхцөлтэй гэж үзвэл торгуулийн хэмжээ нэмэгдэх, эсвэл зорчих эрхийг 6 сар хүртэл хугацаагаар хязгаарлах зохицуулалттай байна.