Ардчилсан нам 4:11 мэдээллийн цагийн үеэр УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу мэдээлэл хийлээ.
Тэрбээр “УИХ-ын гишүүн Х.Ганхуяг санаачлан Туулын хурдны замын асуудлыг Хянан шалгах түр хороогоор хэлэлцүүлэхээр гарын үсэг цуглуулж, 40 гаруй гишүүн дэмжиж гарын үсэг зурсан байна. Гэвч тус түр хороо байгуулагдах асуудал зогсонги байдалд орж гарын үсэг зурсан зарим гишүүд байр сууриа өөрчилж, санаачилгаасаа буцах хандлагатай болжээ. Сүүлийн үед төрийн зарим асуудал “сошиал шүүх”-ийн нөлөөнд орж, хуулийн байгууллагын үйл ажиллагааг орлох хандлага ажиглагдах болсон. Өөрөөр хэлбэл, сошиал орчинд эерэг эсвэл сөрөг үнэлгээ давамгайлснаар шүүх, хууль хяналтын байгууллага түүнийг даган шийдвэр гаргах мэт буруу жишиг тогтож байна. Хэрэв хууль, шүүхийн тогтолцоо хэвийн үйлчилдэг бол Монгол Улсын хууль тогтоомжийг зөрчиж, төсвийн 500 тэрбум төгрөгийг үрэн таран хийсэн уг асуудлыг шалгахыг шаардаж байна. Тухайлбал, Хятадын компанид урьдчилгаа төлбөр шилжүүлсэн санхүүгийн баталгааны баримтыг санхүүгийн салбарын мэргэжилтнүүд хараад шууд л хууль зөрчсөн гэдгийг нь мэднэ. Иймд энэ асуудлыг хуулийн байгууллагууд анхааралдаа авч, холбогдох хууль тогтоомжийн хүрээнд шалгаж, хариуцлага тооцох шаардлагатай. Баримт нь бэлэн байгаа шүү дээ” гэлээ.