Д.Трампд "Ираны эсрэг явуулах цэргийн шинэ хувилбаруудын талаар танилцуулна" гэж мэдээлсний дараа газрын тосны үнэ огцом өсжээ

Д.Трампд "Ираны эсрэг явуулах цэргийн шинэ хувилбаруудын талаар танилцуулна" гэж мэдээлсний дараа газрын тосны үнэ огцом өсжээ

АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампд "Ираны эсрэг авч хэрэгжүүлэх боломжит цэргийн хувилбаруудын талаар танилцуулах" гэж буй тухай мэдээлэл гарсны дараа өнөөдөр /2026.04.30/ Азийн зах зээл дээр газрын тосны үнэ огцом өсжээ.

АНУ-ын Төв командлал Ирантай хийж буй хэлэлцээ гацаанд орсон нөхцөлд “богино бөгөөд хүчтэй” цохилт өгөх төлөвлөгөө боловсруулсан талаар Axios мэдээлсэн байна. Дэлхийн жишиг Brent түүхий газрын тосны үнэ 4.5 хувиар өсч, нэг баррель нь 123.30 ам.долларт хүрсэн нь 2022 онд ОХУ Украинд бүрэн хэмжээний довтолгоо хийснээс хойших хамгийн өндөр түвшинд тооцогдож байна.

Харин АНУ-д арилжаалагддаг West Texas Intermediate газрын тос 2.3 хувиар өсч, нэг баррель нь 109 ам.доллар орчимд хүрчээ.

Газрын тосны үнэ ийнхүү өсөхөд АНУ, Ираны хоорондын энхийн хэлэлцээ зогсонги байдалд орж, стратегийн чухал гарц болох Ормузын хоолой хаалттай хэвээр байгаа нь голлон нөлөөлсөн байна. Axios агентлагийн мэдээлснээр, санал болгож буй цэргийн хувилбаруудад Ираны дэд бүтцийн объектуудыг онилох төлөвлөгөө багтаж болзошгүй аж. Мөн Ормузын хоолойн тодорхой хэсгийг хяналтдаа авч, арилжааны тээвэрлэлтэд дахин нээх зорилготой хувилбар ч яригдаж байгаа бөгөөд энэ хүрээнд газар дээр цэрэг байрлуулах боломжийг ч судалж байгаа гэжээ.

АНУ өмнө нь Иран Ормузын хоолойгоор дамжин өнгөрөх хөлөг онгоцнуудад заналхийлж, дэлхийн эрчим хүчний тээвэрлэлтийг тасалдуулах тохиолдолд Ираны боомтуудыг хаахаа анхааруулж байсан. Харин Иран АНУ-Израилийн агаарын цохилтын хариуд тус усан замд халдлага үйлдэж болзошгүйгээ мэдэгдсэн юм. Энэ долоо хоногийн эхээр ч газрын тосны үнэ огцом өссөн бөгөөд АНУ Ираны эсрэг “урт хугацааны хориг, хаалт” хэрэгжүүлэх бэлтгэл хийж байна гэсэн мэдээлэл зах зээлд нөлөөлжээ.

Эх сурвалж: BBC