Киргизстаны парламентын сонгуулийн дүнгээр Ерөнхийлөгч С.Жапаровын тал хүчтэй байр суурийг эзэлжээ

Киргизстаны парламентын сонгуулийн дүнгээр Ерөнхийлөгч С.Жапаровын тал хүчтэй байр суурийг эзэлжээ

Киргизстаны парламентын ээлжит бус сонгуулийн урьдчилсан дүнгээр Ерөнхийлөгч Садыр Жапаровын дэмжигчид олонхийн санал авч, 90 суудалтай Жогорку Кенешид тодорхой давуу байр суурь эзэлсэн байна. Тус улсын сонгуулийн төв комиссын мэдээлэлд үндэслэсэн тооцооллоор өмнөх чуулганы 51 депутат дахин сонгогдсон нь С.Жапаровын талд хүчтэй олонх бүрэлдэх нөхцөлийг бүрдүүлжээ.

Энэ удаагийн сонгууль парламент есдүгээр сард өөрийгөө тараах шийдвэр гаргасны дараа явагдсан бөгөөд 2026 онд болох байсан сонгуулийг өмнө болгосон нь 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуультай давхцахаас зайлсхийх зорилготой байжээ.

Улс төрийн орчин хурцдаж, эрчим хүчний хомсдол нүүрлэн, сөрөг хүчний төлөөлөгчдийг баривчилсан гэх шүүмжлэл нэмэгдсэн үед сонгууль болсон нь олон улсын анхаарал татаж байна.

Эрх баригчид энэ жил сонгуулийн тогтолцоог өөрчилж, намын жагсаалтыг хасч, бүх тойрогт мажоритар системээр гурван депутат сонгодог болгон шинэчилсэн нь С.Жапаровтын ойрын нэр дэвшигчдэд илүү боломж олгосон гэж шинжээчид дүгнэж байна. Мөн тойрог бүрт ижил хүйсийн хоёр хүнээс илүүгүй сонгогдох ёстой хүйсийн квотыг мөрдөж байгаа нь улс төрд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх зорилготой ажээ.

Шинжээчдийн хэлснээр С.Жапаров засгийн эрхэнд гарснаас хойш эрх мэдэл ерөнхийлөгчийн аппаратад төвлөрч, парламентын оролцоо хязгаарлагдах болсон. Үүний зэрэгцээ Киргизстан эдийн засгийн өсөлтөөр Төв Азид тэргүүлэх үзүүлэлттэй байгаа ч инфляци, цахилгааны хомсдол иргэдийн амьжиргаанд дарамт учруулсаар байна. Эдийн засгийн өсөлтөд Оросын хоригийн дунд Киргизстан импортын урсгалын гол зангилаа болж хувирсан явдал чухал нөлөө үзүүлсэн гэж эдийн засагчид тайлбарлаж байна. 

Сонгуулийн өмнөхөн Жапаров Москватай харилцаагаа идэвхтэй бэхжүүлж, Оросын Ерөнхийлөгч Владимир Путин Бишкект айлчилсан нь сонгуулийн уур амьсгалыг тодорхой хэмжээнд тодотгосон үйл явдал боллоо. Нөгөө талаас Жогорку Кенеш сүүлийн жилүүдэд үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт, далбааны шинэчлэл, цензурыг бэхжүүлэх зэрэг хуулийн төслүүдийг яаран баталдаг хандлагаар шүүмжлэлд өртөж байсан бөгөөд хэвлэл мэдээллийн эрх чөлөө доройтож, Киргизстан Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний индексээр ердөө гурван жилийн дотор 72 байр ухарч 180 орноос 144-д жагсаад байгаа ажээ. 

Эх сурвалж: BBC