Нийслэлийн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн хуралдаан 2025 оны аравдугаар сарын 27-ны өдөр болох бөгөөд уг хуралдаанаар “Кью Эс Си” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 148 дугаар тогтоол — “Концессийн гэрээ цуцлах тухай” шийдвэрийг хүчингүй болгуулах хэргийг хэлэлцэх гэж байна.
“Кью Эс Си” ХХК нь 2014 онд Эдийн засаг, хөгжлийн яамтай Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг өргөтгөх, уул уурхай, металлургийн цогцолбор байгуулах төслийн хүрээнд концессийн гэрээ байгуулж байсан. Гэвч найман жилийн хугацаанд гэрээний үүргээ биелүүлээгүй, техник, технологийн шинэчлэл хийгээгүй, харин байгалийн баялгийг түүхийгээр нь экспортолж, улсад татвар төлөөгүй зэрэг зөрчлүүд илэрсэн тул Засгийн газар уг гэрээг цуцалсан юм.
Харин “Кью Эс Си” ХХК нь Засгийн газрын энэхүү шийдвэрийг эсэргүүцэн шүүхэд хандсанаас хойш хэдэн жил өнгөрч, өнөөдөр уг маргаан дахин хэлэлцэгдэх гэж байна. Засгийн газрын зүгээс Үндсэн хуулийн “Байгалийн баялаг ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна” гэсэн заалтыг баримтлан, стратегийн ач холбогдол бүхий Төмөртэй төмрийн хүдрийн ордыг төрийн мэдэлд хэвээр хадгалж, ард түмний өмчийг хамгаалах байр сууриа илэрхийлж байгаа юм. Түүнчлэн, Авлигатай тэмцэх газраас “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК болон “Кью Эс Си” ХХК-ийн хооронд байгуулсан хөрөнгө оруулалт, концессийн гэрээтэй холбоотойгоор албан тушаалын гэмт хэрэг, мөнгө угаах, эрх мэдлээ урвуулан ашигласан гэх үндэслэлээр 20 хүн, 2 хуулийн этгээдийг, тэдний нэг болох “Кью Эс Си” ХХК-ийг яллагдагчаар татсан байдаг.
Ашигт малтмалын тухай хуулиар стратегийн орд газрын тусгай зөвшөөрөл төрийн мэдэлд байх бөгөөд төрийн эзэмшлийн хувийг Улсын Их Хурлын шийдвэргүйгээр бусдад шилжүүлэхийг хориглодог. Иймд өнөөдрийн шүүхийн шийдвэрээр төрийн 100 хувийн эзэмшилд буй стратегийн орд газар хувийн хэвшлийн мэдэлд шилжих эсэх нь олон нийтийн анхаарлын төвд байна. Шүүх хуралдааны үр дүн, гарсан шийдвэрийг бид үргэлжлүүлэн мэдээлэх болно.