Х.Ганхуяг: Эмч, багш нарын цалинг нэмэхийн тулд хүүхдийн мөнгөнд гар хүрэхгүй гэдгийг баттай хэлье

Х.Ганхуяг: Эмч, багш нарын цалинг нэмэхийн тулд хүүхдийн мөнгөнд гар хүрэхгүй гэдгийг баттай хэлье

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр /2025.10.27/ ээлжит хурлаа хийж, энэ талаараа мэдээлэл хийлээ.

УИХ-ын гишүүн Х.Ганхуяг “Төсвийн хэлэлцүүлгүүд үргэлжилж байгаа. Гишүүдийн зүгээс нийт 115 зарчмын зөрүүтэй санал гаргаснаас 76 нь дэмжигдэж, 39 санал дэмжигдээгүй байна. Үүнээс урсгал зардалтай холбоотой 32 санал, Нийгмийн даатгалын сантай холбоотой 4 санал, НҮБ-ийн хуралтай холбоотой 5 санал гаргасан. Эдгээр саналыг тоймлож үзвэл багш, эмч нарын цалинг нэмэх талаар тусгасан байна. Ингэхдээ төсвийн ерөнхийлөн захирагч нарын төсвийг 2 хувиар хасах, тэтгэврийг 10 хувиар нэмэх зэрэг саналууд яригдсан. Монгол Улсын төсвийн зарлага 32.9 их наяд төгрөг байгаа. Үүнээс 8.8 их наяд нь хөрөнгө оруулалтын төсөв. Энэ дотор Нийгмийн даатгалын сан, Эрүүл мэндийн даатгалын сан нийлээд 8.8 их наяд төгрөг. Энэ бол яагаад ч оролдож болохгүй мөнгө. Үүнээс гадна бид яаж ч ядарсан оролдож болохгүй мөнгө бол төрийн албан хаагчдын цалин болох 7.2 их наяд, хүүхдийн мөнгө 1.6 их наяд төгрөг бий.

Зарим нэг буруу ойлголт явсан. Бид хүүхдийн мөнгөнд гар хүрэхгүй. Үүнийг баттай хэлье.

Ингээд цаана нь 7.2 их наяд төгрөг үлдэж байгаа. Энэ дотроос оролдож болохгүй мөнгө нь гадаад зээлийн төлбөр, хүүгийн төлбөр. Энэ нь 1.4 их наяд төгрөг юм. Мөн энэ удаад оролдохгүй байхаар шийдсэн зардал бол гамшиг, осол, онцгой байдалтай холбоотой зардал болох 260 тэрбум төгрөг. Энэ бүхнийг тооцоод үзэхээр төрийн бүх үйлчилгээг 5.5 их наяд төгрөгт явуулах шаардлага үүсэж байна. Энэ 5.5 их наяд төгрөгийн 10 хувийн зарлагыг шилжүүлнэ. Багш нарын цалинг 20+10 буюу он гараад 20 хувь, долдугаар сард 10 хувиар нэмэх, эрүүл мэндийн салбарын ажилтнуудын цалинг 10-15 хувь, тэтгэврийг 8.6 хувиар нэмэгдүүлэх боломжтой болох юм. Энэ зардлыг шийдэхийн тулд бидэнд 1.3 их наяд төгрөг шаардлагатай байгаа. Энэ хувилбарыг өнөөдөр бүлэгт танилцууллаа. Маргаашаас төсвийн ажлын хэсэг ажиллаж эхэлнэ. Багш, эмч нарыг салбар яамтайгаа яаралтай хэлэлцээрт орох шаардлага болон хүсэлт гаргаж байна. УИХ өөрөөсөө эхэлж танана. УИХ-ын гишүүдийн дотоод зочин хүлээн авах зардлыг танаж байгаа. Мөн зарим урсгал засвар, эрдэм шинжилгээ судалгааны ажил, Атрын III, IV аян, бүх татаасыг 2025 оны түвшинд барих, бүх яамдын шинэ ангиллаар нэмэгдсэн төсөл хөтөлбөрийг хасах гэх мэтчилэн асуудлыг ажлын хэсэг дээр ярьж байгаа" гэлээ.

ШУУД ҮЗЭХ: