Сонгинохайрхан дүүрэгт байрлах цэцэрлэгт хүмүүжиж байсан нэг ой 2 сартай хүү өнгөрсөн оны аравдугаар сарын 28 /2024.10.28/-ны өдөр цэцэрлэг дээрээ нас барсан харамсалтай хэрэг гарсан билээ.
Улмаар холбогдох хуулийн байгууллагаас мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байсан бөгөөд цэцэрлэг дээрээ амиа алдсан хүүгийн шүүхийн эмнэлгийн дүгнэлт хүүг хахаж бус "зүрх нь хаагдаж амь насаа алдсан" гэж гарсан талаар талийгаач хүүгийн ээж Д.Нандинболор мэдээлэл хийж байсан юм. Харин тэд Шүүх эмнэлгийн шинжээч эмч нарын дүгнэлтэд эргэлзэж, дахин шүүх шинжилгээний дүгнэлт гаргахаар хандаад байжээ. Тэгвэл уг дүгнэлт нь энэ сарын 09-ны /2025.10.09/ өдөр гарсан байна.
Ингэхдээ "Өмнөх дүгнэлтүүдийг үндэслэлтэй байна" гэж дүгнэжээ. Тодруулбал, "Амь хохирогч хүүг цус, тунгалаг төлжлийн доройтол, тархины аалзан хальсны шүүдэст үрэвсэл, гүйлсэн булчирхайн архаг үрэвсэл, шүлсний булчирхайн архаг үрэвсэл, уушигны завсарын эдийн хатгаа, гуурсанцрын үрэвсэл өвчтэй байна. Амь хохирогч нь уушигны хатгалгааны улмаас тархины бүрхүүл хальсны шүүдэст үрэвсэл, зүрхний булчингийн голомтлог үрэвсэл, элэгний голомтлог үрэвсэл, бөөрний дээд голомтлог үрэвслээр хүндэрч улмаар амьсгал, зүрх судасны дутагдлаар нас баржээ" хэмээн дүгнэжээ.
Талийгаач хүүгийн ээж Д.Нандинболор өмнөх шүүх шинжилгээний дүгнэлт гарсны дараа хэвлэл мэдээлэлд хандаж, "Миний хүү түргэн тусламжаар эмнэлэг дээр очихдоо нас барсан байдалтай очсон байсан. Гэтэл багш нь манай ар гэр рүү залгаад "Хоолоо идээд унтсан байхад нь би өлгийдөөд унтуулсан" гэж ярьсан. Харин надад "бие нь муудаад гэж ярьсан" байдаг. Шүүх шинжилгээний дүгнэлт нь 21 хоногийн дараа гарахдаа "Хатгаа нь хүндрээд элэг, бөөрний үрэвсэл болж зүрх нь хаагдсан" гэх дүгнэлт гарсан. Миний хүү ханиадтай байсан нь үнэн. Гэхдээ хатгаа болоогүй, эрүүл хүүхэд байсан. Гэтэл өнөөдөр шүүх эмнэлгийн дүгнэлт ингэж гарч байгаатай санал нийлэхгүй, гомдолтой байна. Хүүхэд амь насаа алдсан байхад өнөөдөр хэн ч хариуцлага хүлээхгүй, багш нар нь эрх чөлөөтэй явж байгаад нь гахаж, харамсаж байна. Бид гомдолтой байна" гэдгээ илэрхийлж байсан юм.