Өнгөрсөн ням гаригт Казахстанд Ерөнхийлөгчийн ээлжит бус сонгууль болсон. Энэ үеэр буюу зургаадугаар сарын 9-10-ны хооронд сонгуулийг эсэргүүцсэн жагсаал Казахстаны нийслэл Нур-Султан болон Алматы хотуудад болсон юм. Харин энэ жагсаал цуглаан хууль бус, зөвшөөрөлгүй байсан гэж үзсэн хууль сахиулагчид 700 орчим хүнийг баривчилсан гэж Казахстаны Дотоод хэргийн яамны хэвлэлийн алба мэдээлжээ. “Эхний өдөр жагсаалын үеэр 500 хүн саатуулагдсан бол хоёр дахь өдөр 200 орчим хүнийг цагдаагийн хэлтэст хүргэсэн ” гэж Дотоод хэргийн яамны хэвлэлийн алба мэдээлсэн байна. Түүнчлэн хоёр өдрийн дотор 550 хүнийг захиргааны хариуцлагад татжээ. Дээр дурьдсан жагсаал цуглааныг “Казахстаны ардчилсан сонголт” гэх, шүүхээс хориглосон экстремист байгууллагын дэмжигчид зохион байгуулсан бөгөөд “сонгуулийн үеэр нийгмийн тогтвортой байдлыг алдагдуулах зорилготой байсан” гэж Казахстаны Дотоод хэргийн яам мэдэгдсэн байна.