Бусдын биед гэмтэл учруулсан хэргээр шалгагдаж байгаа иргэн Г.Чинзоригийг нэг сарын хугацаатайгаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн билээ.
Тэгвэл иргэн Г.Чинзоригт холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн байна. Тодруулбал, энэ оны зургаадугаар сарын 26-ны өдөр 17:00 цагийн орчимд иргэн Г.Чинзориг нь Чингэлтэй 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Халиун" авто засварын газарт иргэн "Т"-ийг ул ялих зүйлээс болж маргалдан тэвэрч унаган нуруу, толгой хэсэгт 3 удаа өшиглөн зодож, улмаар хохирогч ухаан балартан биеэ хамгаалах чадваргүй байх үед уг үйлдлийг таслан зогсоох гэсэн "Б"-ийн үйлдлийг үл харгалзан үргэлжлүүлэн авто машины төмөр эд ангийг зэвсгийн чанартайгаар ашиглан зодож онц харгис хэрцгийгээр хүнийг санаатай алахыг завдсан байдаг.
Уг үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйл "Хүнийг алах"-ийн 2.1 "онц харгис хэрцгийгээр", 2.7 "хохирогчийг биеэ хамгаалж чадахгүйг мэдсээр байж" дахь хэсгээр эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагаа явуулж 2025 оны долдугаар сарын 31-ний өдөр шүүхэд шилжүүлэх саналтай харьяа прокурорын газарт шилжүүлж шийдвэрлэсэн байна.
Ташрамд өгүүлэхэд, дээрх хэрэгт цагдан хоригдож, шалгагдаж байгаа Г.Чинзориг нь Олон нийтийн цахим сүлжээнд бусдыг заналхийлж байгаа дүрс бичлэг нийтлэгдсэн бөгөөд уг үйлдэлд цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа аж.