ХЭРГИЙН ГАЗАР: Галд өртөж амиа алдсан иргэд цахилгааны холболтоо хийлгэж амжилгүй, лаа асааснаас гал алдсан байж болзошгүй байна

ХЭРГИЙН ГАЗАР: Галд өртөж амиа алдсан иргэд цахилгааны холболтоо хийлгэж амжилгүй, лаа асааснаас гал алдсан байж болзошгүй байна

Сүүлийн үед иргэд галын ослын улмаас гэртээ шатаж, амь насаа алдах тохиолдол цөөнгүй гарах болсон. Хамгийн сүүлд гэхэд энэ сарын 05-ны /2025.06.05/ өдөр таван ханатай залгаа хоёр гэр шатаж, нэг том хүн, дөрвөн хүүхэд нас барсан харамсалтай хэрэг Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт гарсан билээ. Тиймээс бид иргэдэд сэрэмжлүүлэх үүднээс дараах сурвалжлагыг бэлтгэлээ. 

ВИДЕО: 

Баянзүрх дүүргийн 34 дүгээр хороо. Гэр хорооллын гудамжаар өгсөж явсаар гал гарсан айлын хашааны гадна очив. Талийгаач нарын ах, дүү, төрөл төрөгсөд нь нэг хашаанд хамт амьдардаг байсан болов уу хэмээн төсөөлөн, бодож очсон биднийг залгаж барьсан бололтой хоёр гэрийн галд шатсан хар буйр, дутуу шатсан эд хогшилтой хоосон хашаа угтлаа. Гэрийн буйрыг ажвал хоёр тулганаас өөр юу ч үлдэлгүй галд өртжээ. Харин гэрийн гадна байсан болов уу гэмээр галд хайрагдсан угаалгын машин, хүүхдийн хөтөч, дутуу шатсан ЕБС-ын сурах бичиг харагдах нь өөрийн эрхгүй сэтгэл эмзэглүүлж байсныг нуух юун.

Галд нэг том хүн, 0-12 насны дөрвөн хүүхэд өртөж, амиа алдсан болохыг цагдаагийн байгууллагаас мэдээлсэн. Тэгэхээр дутуу шатсан сурах бичиг, галд хайрагдсан хүүхдийн хөтөч нь тэднийх байжээ гэж бодоход л сэтгэл эмзэглүүлж байлаа. 

Тиймээс бид цааш явж, хөрш айлуудынх нь эздээс зарим нэгэн зүйлийг тодруулсан юм. Баянзүрх дүүргийн 34 дүгээр хорооны иргэн "Шөнө нэг цаг өнгөрч байхад гал гарч байсан. Харсан даруйдаа эгчийгээ дуудаж сэрээсэн. Үргэлжлээд юу болсныг сайн мэдсэнгүй. Эгчээс бусад зүйлийг асуугаарай. Тухайн галд өртсөн айл энд нүүж ирээд удаагүй болохоор сайн танихгүй” гэв. Харин өөр нэгэн иргэн "Галд өртсөн айл гал гардаг өдөр нүүж ирсэн. Хэд хоногийн өмнө хашаа хороогоо янзлаад байгаа харагдсан. Харин зургаадугаар сарын 04-ний өдөр гэрээ барьж байсан. Хөөрхий бага насны хүүхдүүд гүйлдэж байгаа бололтой л харагдаж байсан даа" гэх мэдээллийг өгсөн юм. 

Харин өөр нэгэн эх сурвалж, галд өртсөн айлыг шинэ хашаандаа нүүж ирээд цахилгаанаа тавиулж чадаагүй байсан болохоор лаа барьж байгаад гал алдсан болов уу гэж бодож байна.

Гэхдээ мэргэжлийн байгууллагаас шалтгаан нөхцөлийг тогтооно байх гэсэн юм. Ямартай ч өдгөө тус хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлтэс болон холбогдох мэргэжлийн байгууллагаас шалгалтын ажиллагааг явуулж байгаа аж. 

Б.МӨНХСАЙХАН