БЗС-гийн зээлийг хууль зөрчиж чөлөөлсөн 7 сайдын 17 тушаалыг ЗГ-ын хуралдаанаар хүчингүй болгосон ч 2 хоногийн дараа тэмдэглэл болж, албажжээ

БЗС-гийн зээлийг хууль зөрчиж чөлөөлсөн 7 сайдын 17 тушаалыг ЗГ-ын хуралдаанаар хүчингүй болгосон ч 2 хоногийн дараа тэмдэглэл болж, албажжээ

Боловсролын зээлийн сангаар гадаад улсад суралцсан 3069 суралцагчийн 941-ийнх нь зээлийг үе үеийн Боловсролын сайд нар чөлөөлж, хууль зөрчсөн болохыг 2024 онд АТГ-аас тогтоосон. Улмаар сайд нарын тухайн хууль зөрчсөн тушаалыг хүчингүй болгохыг "үүрэгдсэн" байдаг.

Энэ талаар УИХ-ын гишүүн О.Батнайрамдал тухайн үед /2024.10.18/ мэдээлэл хийж, "2008 оноос хойш зургаан сайдын 17 тушаалаар 800 орчим суралцагчдын өнөөдрийн ханшаар 87.6 тэрбум төгрөгийг тэглэсэн. Нэг ёсондоо хууль бус сайдын тушаалууд гарсан гэсэн үг. Энийг хууль бус учраас хүчингүй болгох ёстой гэсэн дүгнэлтийг АТГ-аас 2024 оны есдүгээр сарын 30-нд гаргасан.

АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дүгнэлтэд үндэслэж, шийдвэрүүдийг хүчингүй болгоно" хэмээн мэдээлж байсан юм. 

Тэгвэл энэ хүрээнд БЗС-гаар гадаад улсад суралцсан 1035 хүний 102 тэрбум төгрөгийн зээлийг чөлөөлсөн Боловсролын сайд асан Л.Гантөмөр, Г.Чулуунбаатар, Ц.Цогзолмаа, Я.Батсуурь, Ё.Баатарбилэг, Л.Цэдэвсүрэн, Л.Энх-Амгалан нарын 17 тушаалыг хүчингүй болгуулахаар Засгийн газрын тогтоолын төслийг өнгөрсөн тавдугаар сарын 07-ны /2025.05.07/ өдрийн Засгийн газрын хуралдаанд оруулсан байна. Энэ дагуу Засгийн газрын хуралдаанаар хууль зөрчиж, суралцагчдын зээлийг чөлөөлсөн дээрх долоон сайдын 17 тушаалыг хүчингүй болгож,, алх цохисон байна. 

Гэтэл хоёр хоногийн дараа дээрх шийдвэр буюу зээл чөлөөлсөн сайд нарын тушаалыг хүчингүй болгосон Засгийн газрын тогтоол бус Засгийн газрын хуралдааны тэмдэглэл болж, албажжээ.

Өөрөөр хэлбэл, Засгийн газар Боловсролын сайд нарын хууль зөрчиж, зээл чөлөөлсөн тушаалыг хүчингүй болгосон шийдвэрээ өөрчилсөн байна. Засгийн газрын тэргүүн алх цохиж, сайд нарын хууль зөрчсөн тушаалыг хүчингүй болгосон атал ямар шалтгаанаар хоёр хоногийн дараа тэмдэглэл болж, Боловсролын сайд П.Наранбаярт хариуцуулах болов гэдэг нь энд анхаарал татаж байгаа юм. Магадгүй энэ нь тухайн үед Засгийн газар "Гал" авахаас болгоомжилж, ийнхүү шийдвэрээ өөрчлөв үү гэх хардлагыг төрүүлж байна. Ямартай ч АТГ-аас хууль зөрчсөн болохыг нь тогтоож, хүчингүй болгох ёстой хэмээн "үүрэгдсэн" 17 сайдын зээл чөлөөлсөн тушаалыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн толгойлсон Засгийн газар хүчингүй болгож, дөнгөсөнгүй. 

Ташрамд өгүүлэхэд, Боловсролын зээлийн сангийн асуудал нэг хэсэг олны анхаарал татаж, энэ дагуу хуулийн байгууллагаас хамтарсан Ажлын хэсэг гарч, мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлж байсан билээ. Гэвч БЗС-гийн дарга Б.Гардийг АТГ-аас шалгаж эхэлсэн гэх мэдээлэл гарснаар уг асуудал олны анхаарлаас гарсан байдаг.