Прокурорын байгууллага 2025 оны 5 дугаар сарын 26-ны өдрөөс 30-ны өдрийг хүртэл хугацаанд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын 55.049 эрүүгийн хэрэгт хяналт тавин ажиллалаа.
Дээрх хугацаанд 1734 гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл бүртгэгдсэн бол хэрэг бүртгэлтийн 868 хэрэг шинээр нээж, 360 хэрэгт прокурор яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн байна.
Яллах дүгнэлт үйлдсэн хэргийг тодруулбал, Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 122, Өмчлөх эрхийн эсрэг 92, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 83, Хүрээлэн байгаа орчны эсрэг 19, Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг 11, Олон нийтийн аюулгүй байдал ашиг сонирхлын эсрэг 11, Авлигын 10, Хүний амьд явах эрхийн эсрэг 6, Нийтийн албаны ашиг сонирхлын эсрэг болон Эдийн засгийн 3 хэрэг байна.
Шүүхэд шилжүүлсэн зарим хэргээс дурдвал:
Нийслэлийн прокурорын газраас иргэн Я.Э нь “Химийн хорт болон аюултай бодисын жагсаалт”-д багтсан кали, төмрийн цианид, азотын хүчил, калийн сульфид, хүхрийн хүчил зэрэг бодисуудыг хууль бусаар ашиглан үйл ажиллагаа явуулсан, бусдаас худалдан авсан, хадгалсан хэрэгт Эрүүгийн хуулийн 24.3 дугаар зүйлийн 1,3 /Химийн хорт, аюултай бодисыг хууль бус эргэлтэд оруулах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд,
Өмнөговь аймгийн сумын нийтийн албан тушаалтнаар ажиллаж байсан Г.Б, Ү.Н нар нь “Газар ашиглуулах тухай” хууль бус захирамж гаргаж, нэр бүхий компанид давуу байдал бий болгон үйлдвэр, барилга байгууламжийн зориулалтаар 351.5 метр квадрат бүхий газрыг 5 жилийн хугацаагаар олгож төрд 2.2 тэрбум төгрөгийн хохирол учруулсан хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 2 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-д зааснаар яллах дүгнэлт Өмнөговь аймгийн Ханбогд сум дундын анхан шатны шүүхэд,
Иргэн М.О нь 2025 оны 1 дүгээр сард согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бусдын амь насыг онц харгис, хэрцгийгээр хохироосон хэрэгт Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1, 2.1 /Хүнийг алах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд,
Иргэн М.Ц нь НҮБ-ын 1971 оны "Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц"-ын II жагсаалтад багтсан цэвэр жин нь 402 грамм хэмжээтэй ургамлыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан, иргэн Э.Х, О.Т нар нь “мөс” гэх нэршилтэй 20.6 грамм мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хадгалсан зэрэг хэргүүдэд Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 /Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж харъяаллын дагуу Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн болон Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд тус тус шилжүүллээ.