Иргэн Д.Мөнх-Эрдэнэ, "Төв цэнгэлдэх хүрээлэн"-гийн гүйцэтгэх захирал Ж.Энхжаргалан нарт холбогдох хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж дуусаад хэргийг шүүхэд шилжүүлсэн талаар бид өмнө нь мэдээлсэн билээ.
Тэгвэл тус хэргийг Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны шүүх энэ сарын 05-ны өдөр хэлэлцэхээр товложээ.
Тодруулбал, Иргэн Д.Мөнх-Эрдэнэ өнгөрсөн дөрөвдүгээр сарын 29-ний /2025.04.29/ өдөр "Төв цэнгэлдэх хүрээлэн"-гийн гүйцэтгэх захирал Ж.Энхжаргалантай уулзаж, шууд дамжуулалт хийх үеэрээ маргаан үүсгэж, эцэст нь хоёр биеийнхээ биед халдсан байдаг.
Улмаар тухайн хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж байсан юм. Тодруулбал, иргэн Д.Мөнх-Эрдэнэ болон "Төв цэнгэлдэх хүрээлэн"-гийн гүйцэтгэх захирал Ж.Энхжаргалан нарыг Зөрчлийн хуулийн 5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг буюу танхайрах, 5 дугаар зүйлийн 3 дахь хэсэг буюу хүний биед халдах гэсэн зүйл заалтаар холбогдогчоор тооцож, шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байсан билээ. Харин өнгөрсөн тавдугаар сард тус хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж дуусаад хэргийг шүүхэд шилжүүлсэн юм. Тэгвэл тус зөрчлийн хэргийг Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны шүүх ирэх пүрэв гарагт хэлэлцэхээр болжээ.