Хүний эрхийн Үндэсний Комиссоос “Хүүхэд бүр ялагч-Хүүхэд бүр хамгаалагч” уриатай марафоныг 2024 оноос зохион байгуулж эхэлсэн бөгөөд үе тэнгийн дээрэлхэлт, ялгаварлан гадуурхалтыг таслан зогсоох, түүний хор уршиг, сөрөг үр дагаврыг таниулах, хүүхдийн эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх ойлголт, мэдлэг олгодгоороо ач холбогдолтой.
Энэ удаагийн марафонд 6-17 насны 8000 гаруй хүүхэд бүртгүүлсэн бөгөөд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн “Цагдаа” талбайд долоон насны ангиллаар гүйх юм. Марафоны нээлтэд ХЭҮК-ын дарга Д.Сүнжид, Комиссын гишүүн Ж.Хунан, Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын дарга Б.Баярсайхан, “Гүүд нэйборс” олон улсын ТББ-ын Монгол дахь Суурин төлөөлөгч Жон Хун Сү нар болон Цагдаагийн ерөнхий газар, нийслэлийн Онцгой байдлын хэлтэс, нийслэлийн Эрүүл мэндийн газрын төлөөлөл, Child.mn гүйцэтгэх захирал нар А.Уянга нар оролцлоо.
ХЭҮК-ын дарга Д.Сүнжид нээж хэлсэн үгэндээ “Хүүхдийн марафон” бол зөвхөн биеийн хөдөлгөөн, гүйлт төдийхэн биш. Энэ бол эв нэгдэл, энэрэнгүй сэтгэл, бусдын ялгаатай байдлыг хүлээн зөвшөөрөх, дээрэлхэлтгүй орчны төлөөх тэмцлийн бэлгэдэл юм. Өнгөрсөн жилийн марафонд 600 орчим хүүхэд оролцож байсан бол энэ удаа 8200 хүүхэд бүртгүүлж, бүртгүүлж амжаагүй ч оролцох хүсэлтээ илэрхийлсээр байгааг бахархууштай” гэв. Мөн хүүхэд багачуудад хандан томчууд бидний үүрэг бол хүүхдийн дуу хоолойг сонсож, аюулгүй байдлыг хамгаалах орчныг нь бүрдүүлэх юм. Харин та бүхний оролцоо бодит дэмжлэг болж, шинэ хандлагыг эхлүүлж байгаа том алхам юм гэдгийг онцлон баяр хүргэж хамтдаа дээрэлхэлтгүй, ойлголцолтой, хүнлэг нийгмийг бүтээхийг уриалж амжилт хүсэв.
Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын дарга Б.Баярсайхан, аав ээжийнхээ амин эрдэнэ, Монгол Улсын үнэт баялаг болсон хүүхэд, багачуудыг биеийн тамир спортод дуртай болгох, спортоор дамжуулж хөгжүүлэх, цахим орчны хэрэглээг бууруулахад энэхүү үйл ажиллагаа чухал ач холбогдолтойг дурдаж, хүүхдийнхээ төлөө цаг зарцуулан ирсэн эцэг эх, асран хамгаалагчид, нийт хүүхдүүдэд амжилт хүсэв.
Мөн “Гүүд нэйборс” олон улсын ТББ-ын Монгол дахь Суурин төлөөлөгч Жон Хун Сү “Энд хуран цуглаад байгаа хүүхэд бүр аюулгүй хүчирхэг ирээдүй бүтээгч ялагч нар болохыг онцлон хэлж, марафоныг хамтран зохион байгуулсан нийт байгууллагад талархал илэрхийллээ.
Хөгжлийн бэрхшээлтэй хүний ерөнхий газар, Олон улсын хүүхдийн Найрамдал цогцолбор, Дорнод аймгийн Чулуунхороот сумын ерөнхий боловсролын сургууль, “Дэлхийн зөн”, “Гүүд Нэйборс” ТББ, “Монголын Хуульчдын холбоо”, “Үжин” төв, “Монголын морин уяачдын холбоо”, “Миг даатгал”, “Монгол даатгал” зэрэг байгууллага хамтран ажиллаж байна.