"IV эмнэлэг"-ийн удирдлагууд "12 тэрбумын түрээсийн төлбөрөө төлөх шаардлага"-д хариу өгөхгүй байсаар барилгыг "төрд" шилжүүлэх асуудалд саад учруулав уу

"IV эмнэлэг"-ийн удирдлагууд "12 тэрбумын түрээсийн төлбөрөө төлөх шаардлага"-д хариу өгөхгүй байсаар барилгыг "төрд" шилжүүлэх асуудалд саад учруулав уу

Монгол Улсын Засгийн газраас Хөгжлийн банкны мэдэлд байгаа IV эмнэлгийн барилгыг лизингээр худалдан авах ажлыг энэ онд эхлүүлж, эхний удаагийн төлбөр болох 17 тэрбум төгрөгийг төсөвт суулгасан. Ингэхдээ "Өр төлбөртөө хураан авч буй өөрийн эмнэлгийг төрийн өмчийн эмнэлэг болгоход бэлэн " гэсэн Хөгжлийн банкны саналд үндэслэсэн байгаа юм. 

-ХӨГЖЛИЙН БАНК ӨР ТӨЛБӨРТӨӨ ХУРААН АВСАН "IV ЭМНЭЛЭГ"-ИЙН БАРИЛГЫГ УЛСАД ЗАРАХ АЖЛЫГ ГАЦААЖ ЭХЭЛСЭН-

Гэтэл энэ ажил зарим хүмүүсийн санаатай үйлдлээс болж гацсан байдалтай байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн. Өмнөх мэдээллийг ЭНД ДАРЖ уншина уу. Учир нь Эрүүл мэндийн яамнаас Хавдрын эмнэлгийн өргөтгөлийн барилгыг худалдан авах тендерийг энэ оны гуравдагаар сарын 11-н болон дөрөвдүгээр сарын 17-ны өдөр хоёр удаа тус тус зарлахад Хөгжлийн банк тендерт оролцоогүй байгаа юм. Уг нь хуулийн дагуу бол тендерт шалгарч байж Эрүүл мэндийн яам худалдан авах ёстой.

Гэтэл Хөгжлийн банкны ТУЗ нь IV эмнэлгийн барилгыг банкныхаа нэр дээр шилжүүлж авах шийдвэрийг гаргахгүй удаж байгаагаас тендерт оролцож чадахгүй цаг алдаад байгаа юм.

Өөрөөр хэлбэл Хөгжлийн банзны ТУЗ энэ ажлыг гацаагаад байна гэсэн үг. Тэгвэл тавдугаар сарын 26-ны өдөр Эрүүл мэндийн яам гурав дахь тендерээ зарласан бөгөөд Хөгжлийн банк тендерт оролцох эсэх нь олны анхаарлыг татаж байна. Улмаар маргааш /2025.05.30/ буюу энэ баасан гарагт Хөгжлийн банкны ТУЗ хуралдаж уг асуудлыг шийдвэрлэхээр төлөвлөөд байна. Харин ХСҮТ-ийн зүгээс "Ачаалал, оочир, дараалал их байгаа нь иргэдэд хүндрэл учруулж байгаа тул IV эмнэлгийн барилгыг хурдхан авчихвал бидэнд ч, иргэдэд ч тун хэрэгтэй байна" гэх зүйлийг хэлж байгаа. Энэ талаарх ХСҮТ-ийн захирал М.Адилсайханы ярилцлагыг ЭНД ДАРЖ уншина уу.

ВИДЕО: 

-"IV ЭМНЭЛЭГ"-ИЙН УДИРДЛАГУУД ЭМНЭЛГИЙН ТҮРЭЭСЭЭ ТӨЛӨХГҮЙ ДӨРВӨН ЖИЛ БОЛЖ, ОДОО Ч ЭМНЭЛГЭЭ ЧӨЛӨӨЛЖ ӨГӨХГҮЙ БАЙГАА НЬ ДЭЭРХ АСУУДАЛД СААД УЧРУУЛЖ БАЙНА УУ-

Үүнтэй зэрэгцэн бас нэгэн ноцтой асуудал үүсээд байгаа нь тус эмнэлгийн барилгыг түрээслэн үйл ажиллагаа явуулж буй IV эмнэлэг нь түрээсийн төлбөрөө огт төлөхгүй байгаа явдал. Тодруулбал, "Энермед" ХХК нь IV эмнэлгийн барилгыг барьж 2019 онд ашиглалтад оруулсан. Гэтэл эмнэлгийн барилгыг 2021 оноос хойш түрээслэсэн IV эмнэлэг нь дөрвөн жилийн турш түрээсийн төлбөр буюу 12 тэрбум төгрөгийг төлөөгүйгээс болж "Энэрмед" ХХК болон ажилчид нь хүнд нөхцөл байдалд ороод байна. Тиймээс тус компанийн ажилчид IV эмнэлгийн гадна жагсаж байгаа юм.

Тэгвэл түрээсээ төлөхгүй байгаа IV эмнэлгийн удирдлагууд чухам ямар хүмүүс байгаа талаар нэхэж үзвэл одоогийн Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханы туслахаар ажиллаж, төмөр замын компанийг нь хариуцдаг Б.Баяржаргал нь 2021 онд төрсөн эгч Б.Золжаргалтайгаа хамтран “Дөрөвдүгээр эмнэлэг” ХХК-ийг байгуулж, УИХ-ын гишүүн асан М.Билэгтийн Хөгжлийн банкны зээлээр барьсан 13 давхар эмнэлгийн зориулалттай барилгыг нь 20 жилийн хугацаатай түрээслэх түрээсийн гэрээ байгуулсан байдаг. Улмаар IV эмнэлгийн удирдлагууд нь “Амармед” болон шүдний эмнэлэг зэрэгт байгууллагуудад уг барилгаа түрээслүүлдэг болжээ.

Улмаар “Дөрөвдүгээр эмнэлэг” ХХК-ныхаа гүйцэтгэх захирлаар 2025 оны хоёрдугаар сард Биеийн тамирын арга зүйч мэргэжилтэй Ц.Пэрэнлэй гэх залуу томилсон байна. Улмаар түрээсийн төлбөрөө авахыг шаардсан бичиг хэд хэдэн удаа хүргүүлсэн ч огт хариу өгөөгүй аж. Мөн "Дөрөвдүгээр эмнэлэг"-ийн барилгыг Хөгжлийн банкинд шилжүүлэн авахад гацаа үүсэхээс сэрэмжлүүлэх тухай албан бичгийг ч Хөгжлийн банкинд хүргүүлж байжээ. 

"Дөрөвдүгээр эмнэлэг"-ийн захирал Б.Золжаргалд хүргүүлсэн түрээсийн төлбөрөө барагдуулах шаардлага

Хөгжлийн банкинд хандаж IV эмнэлгийн барилгыг шилжүүлэн авахад гацаа үүсэхээс сэрэмжлүүлэх тухай бичиг

Үүнээс харахад төлбөр авагч Хөгжлийн банк нь өнөөдрийг хүртэл ЭМЯ-наас зарласан дээрх тендерт оролцох бэлтгэл нь хангагдахгүй байгаа нь "Дөрөвдүгээр эмнэлэг" ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Золжаргал Хөгжлийн банкнаас тус эмнэлгийн барилгыг шилжүүлэн авахаар зэхэж, банкны удирдах түвшний албан тушаалтнуудад нөлөөлж байж болзошгүй гэх хардлагыг төрүүлж байгаа юм. Улмаар энэхүү асуудлыг маргааш болох Хөгжлийн банкны ТУЗ-ын хурлаар эцэслэн шийдвэрлэхээр байна.