Дундговь аймгийн засаг дарга С.Мөнхчулуун Дэрэн суманд ажиллаж байна

Дундговь аймгийн засаг дарга С.Мөнхчулуун Дэрэн суманд ажиллаж байна

Хөдөөгийн сумдын иргэд, төрийн албан хаагчдад тулгамдаж буй асуудлыг сонсох, төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулах зорилгоор аймгийн Засаг даргын Дэрэн суманд зохион байгуулсан “Асуудал шийдэл” уулзалтад 120 гаруй иргэд оролцлоо.

Энэ үеэр аймгийн Засаг дарга С.Мөнхчулуун цаг үеийн ажлын мэдээлэл, говийн бүсийн зөвлөлийн анхдугаар хуралдаанд хэлэлцэж, Засгийн газрын тогтоолд орсон ажлын талаар, Засаг даргын орон тооны Зөвлөх П.Бүрэнжаргал “Хөдөөгийн сэргэлт-Шинэ Дундговь” Засаг даргын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр, 7 дэд хөтөлбөрийг танилцуулснаас гадна холбогдох байгууллагын удирдлагууд 2026 оны сумын Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэх төсөл арга хэмжээнд санал хэрхэн өгөх, Шинэ хоршооны талаар мэдээллийг тус тус өгчээ.

Уулзалтад оролцсон иргэдээс бэлчээр хаших асуудлыг малчдад ээлтэй байдлаар зохицуулах талаар журамд тусгах, хилийн цэсийн маргаанаас үүссэн асуудлыг шийдвэрлэх, хоршооны зээлд хамрагдсан иргэдэд зээлийн зориулалтыг өргөн хүрээнд зарцуулах боломжийг олгох, татварын тайлан, эргэн төлөлт малчдад хүндрэлтэй байгаа, сумын ЗДТГ-ын болон сумын эмнэлгийн барилгын нөхцөл байдал болон шинээр барих, цэцэрлэгт Steam хөтөлбөр хэрэгжүүлэх зэрэг асуудлын талаар санал хүсэлт гаргасан байна.

Аймгийн Засаг дарга С.Мөнхчулуун эмнэлгийн барилга, их засварын ажлыг ирэх оны төсөвт тусган хэрэгжүүлэхэд анхаарах талаар холбогдох албан тушаалтанд үүрэг болгосноос гадна сургуулийн өмнөх боловсрол эзэмшиж буй хүүхдүүдэд Steam сургалтын хөтөлбөрийг энэ жилд хэрэгжүүлэх цаашлаад ирэх онд аймгийн хэмжээнд бүх цэцэрлэгүүдэд хэрэгжүүлнэ гэдгийг онцолсон байна. Мөн ногоон байгууламжийн тоог нэмэгдүүлэх иргэний хүсэлтийг шийдвэрлэхийг холбогдох хэлтэс, агентлагийн удирдлагад чиглэл болгожээ.

Төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулах ажлын хүрээнд газрын харилцааны чиглэлээр 92, улсын бүртгэлийн чиглэлээр 40 иргэн үйлчилгээ авсан бол эрүүл мэндийн үзлэгт 296, лаборатори-151, рентген эхо-182 давхардсан тоогоор нийт 629 иргэн эмнэлгийн үзлэг, шинжилгээнд хамрагдаж, нийт 760 гаруй иргэд төрийн үйлчилгээ авсан байна.