ШУУРХАЙ: "Хахуулийн мөнгөөрөө Канадад хаус худалдан авсан" гэх Эрдэнэс Тавантолгой ХК-ийн захирал асан Д.Ариунболдод холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгожээ

ШУУРХАЙ: "Хахуулийн мөнгөөрөө Канадад хаус худалдан авсан" гэх Эрдэнэс Тавантолгой ХК-ийн захирал асан Д.Ариунболдод холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгожээ

"Хахуулийн мөнгөөрөө Канадад өндөр үнэтэй хаус худалдан авсан" гэх "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн гүйцэтгэх захирал асан  Д.Ариунболдыг яллаж, хэргийг Говь-Алтайн шүүх рүү шилжүүлсэн талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. 

Тодруулбал, "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн гүйцэтгэх захирал асан Д.Ариунболдыг “эрх мэдэл, албан тушаалын  байдлаа урвуулан ашиглаж нүүрс худалдах, худалдан авах гэрээг байгуулахдаа БНХАУ-ын “Urat middle Banner Tianyimengyu logistic co.ltd”, “Inner Mongolia Rong He energy”, “Бө Юу Ан Ши Ди” компаниудад давуу байдал бий болгож, 360 мянган ам.долларыг хахуульд авсан” гэх хэргээр Авлигатай тэмцэх газраас мөрдөн шалгаж, улмаар прокуророос яллах дүгнэлт үйлдэн хэргийг Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлээд байсан юм. 

Учир нь "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн гүйцэтгэх захирал асан Д.Ариунболд, Говь-Алтай аймгийн Засаг дарга асан С.Гансэлэм нарыг хахуулын мөнгөөрөө тус аймагт газар авсан зэрэг хэрэгт буруутгасан тул хэргийг харьяаллын дагуу Говь-Алтай  аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байдаг. 

Тэгвэл тус хэргийг шүүх хурал саяхан болж, шийдвэрээ гаргасан байна. Ингэхдээ шүүх хурлыг хаалтай явуулсан бөгөөд шүүхээс шүүгдэгч, С.Гансэлэмд төрийн албанд томилогдох эрхийг хасаж, торгох ял оноожээ.

Харин шүүгдэгч Д.Ариунболдод холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. 

Өөрөөр хэлбэл, "Хахуулийн мөнгөөрөө Канадад өндөр үнэтэй хаус худалдан авсан" гэх "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн гүйцэтгэх захирал асан  Д.Ариунболдод холбогдох хэргийг шүүх хэрэгсэхгүй болгож, түүнийг гэм буруугүй гэж үзжээ. Түүний хахуулийн мөнгөөрөө Канадад өндөр үнэтэй хаус худалдан авсан талаарх бидний өмнө нь бэлтгэж байсан баримт мэдээллийг ЭНД ДАРЖ уншина уу.